Green tara

OM TARE TUTTARE TURE SOHA

2010 онд Шанхайд болох үзэсгэлэн яармагуудын тухай мэдээллээс...

2010-01-25 23:50

        Монголд ирснээс хойш блогтоо оролгүй бараг хагас сар болчихлоо. Энэ хэд хоног эх нутгийнхаа хөрс шороон дээр эзэн хүн шиг дураараа алхаж гишгэнэ гэдэг юутай их жаргал болохыг мэдэрч баясаад сая л нэг сэхээ орж, цахим гэр болсон блогтоо орж ирлээ дээ. Өчигдөр нэгэн хайрт эгчийнхээ санал болгосноор Монголын 100 зураачийн 100 бүтээлийн урланг үзсэн. Гайхамшигтай юм үзэж харсандаа яаж илэрхийлэх учраа ч нэг олохгүй байх шиг байна. Урлагийг, монголын шинэ үеийн урлагийг, тэр дундаа уран зураг, сийлбэр, уран баримал, үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлс, хөгжмийн зэмсэг гээд бүхий л гайхамшигт урлангууд "Дизайн Парк" -т байна лээ. Доод давхраас нь дээд давхар хүртэл урлангуудаар хальт аялж, уран бүтээлчидтэй багахан яриа өрнүүлэхэд бүтэн 3 цаг ч хангалтгүй байна лээ шүү. Найзууд аа, 1 дүгээр хорооллын эцэст Сүлжмэлийн 2 дугаар үйлдвэрийн байранд очоод урлагийн гайхамшгуудыг нүд сэтгэлээ баярлатал үзээд аваарай.     

           

                 

                             Шанхайн олон улсын үзэсгэлэнгийн төв

        

         Хэсэг залуу уран бүтээлчидтэй уулзаад сууж байхдаа Шанхайд болдог урлагийн үзэсгэлэнгүүдийн тухай мэдээлэл чадах чинээгээрээ олж өгч байхаа амласан. Эхний ээлжинд Шанхайд энэ онд болох томоохон үзэсгэлэн яармагуудын тухай мэдээллийг тавихаар шийдлээ. Мэдээж, энэ оны 5 сард нээлтээ хийх Шанхайн Дэлхийн Экспо-оос гадна зохион байгуулагдах үзэсгэлэнгүүдийн тухай л даа. Энэ мэдээлэл манай бизнес эрхлэгчид болон сонирхогчдод хэрэг болох байх гэж найдаад орууллаа. За олон үггүй орчуулгадаа орлоо шүү. Та нар минь дээрээс нь анхааралтай уншаад яв. Би доош нь орчуулаад явж л байя. Нэг зүйлийг хэлэхээ мартсан байна. Шанхайн 3 том үзэсгэлэнгийн төвийн гаргасан хөтөлбөрөөс гол голыг нь оруулж байгаа шүү.


Шанхайн олон улсын үзэсгэлэнгийн төв:


1、Хятад (Шанхай)-ын хуримын гэрэл зураг авах аппарат хэрэгслийн олон улсын үзэсгэлэн - хүүхдийн болон сэдэвчилсэн гэрэл зургийн 17 дугаар олон улсын үзэсгэлэн
第十七届中国(上海)国际婚纱摄影器材展览会暨国际儿童摄影、主题摄影展览会
021-62792828021-63866972 www.siec-ccpit.com  siesc@putlic7.sta.net.cn

 

2、Хятадын (Шанхай)-ын хүүхдийн тоглоомын 15 дугаар олон улсын үзэсгэлэн-Шанхайн тоглоомын 46 дугаар үзэсгэлэн худалдаа
中国(上海)第十五届国际玩具展暨上海玩具第46届博览会
021-56325399021-56325227

 

3、Азийн гэрийн тэжээмэл амьтадын үзэсгэлэн 2010
2010亚洲宠物展览会
021-62477668021-62479818  www.vnuexhibitionsasia.com/chinese
Tracy.Lee@vnuexhibitions.com.cn

 

4、Насанд хүрэгсчдийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон бэлгийн эрүүл мэндийн 7 дугаар олон улсын үзэсгэлэн
第七届中国国际成人保健及生殖健康展览会
021-22817535021-22817535  www.adult-expo.cn
gaoguoxing@ciec.com.cn

 

5、Олон улсын гэнэтийн осол аваарь, халдлагаас урьдчилан сэргийлэх болон аварах багаж тоноглолын үзэсгэлэн-Олон улсын яаралтай түргэн тусламжийн багаж, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Шанхай 2010
2010中国(上海)国际突发事件灾难预防及救援装备技术展览会暨中国(上海)国际紧急医疗救援装备技术展览会
021-62956677021-62780038  www.intex-sh.com  intexwq@sh163.net

 

6、Хятадын хүнсний амтлагч, нэмэлт бодисуудын олон улсын 14 дүгээр үзэсгэлэн- Хятадын бүх улсын хүнсний амтлагч, нэмэлт бодис үйлдвэрлэлийн технологийн 20 дугаар үзэсгэлэн
第十四届中国国际食品添加剂和配料展览会暨第二十届全国食品添加剂生产应用技术展示会
010-68396330010-68396422   www.chinafoodadditives.com  ccpitli@yahoo.com.cn

 

7、Наалт, хамгаалалтын бүрхүүл, лазер хальсны олон улсын 5 дахь үзэсгэлэн
第五届国际胶粘带、保护膜及光学膜(上海)展 国际模切材料及加工设备(上海)展览会
021-33518238021-33518239
www.zyexpo.com
zyexpo@163.com

 

8、Олон улсын дизайн, макетийн 7 дугаар үзэсгэлэн 2010
2010第七届上海国际模型展览会
021-58526715021-58526905
www.hope-tarsus.com
eric@-tarsus.com

 

9、Шатахуун түлшний аж үйлдвэрийн болон органик будаг, сүлжмэл химийн бүтээгдэхүүний үзэсгэлэн
第十届中国国际燃料工业暨有机颜料、纺织化学品展览会
021-62792828021-63866972
www.siec-ccpit.com
siesc@putlic7.sta.net.cn

 

10、Цахилгаан аж үйлдвэрийн тоног төхөөрөмж-цахилгаан станцын хорт утааг арилгах олон улсын 10 дугаар үзэсгэлэн
第十届中国国际电力电工设备暨电厂脱硫脱硝展览会
021-54592323 021-54592318 021-54253480
www.zhongmao.com.cn
jianggang@zhongmao.com.cn

..........цааш нь унших.........

Ангилал : Өмнөд хөршөө судлах нь | Нийтэлсэн : White pearl | Уншсан (47) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Ошо "Дандарт хөтлөх газрын зураг" Хайр бол эрх чөлөөний цэцэг...

2010-01-04 20:46

Ошо багшийн "Дандарт хөтлөх газрын зураг" номноос нэг хэсгийг орчууллаа. Жинхэнэ хайр гэж юу юм бэ? Сексийн мөн чанар ? Дандарын секс болон жирийн сексийн ялгаа? Жинхэнэ дур тавилт? гээд л олон асуултын хариуг энэ номноос олж авах болно. Нэгдүгээр бүлгийн багахан хэсгээс орчуулснаа орууллаа. Энэ хэсэгт ч бас Ошо багш бидний хайр болон сексийн амьдралд байдаг олон асуудлуудыг бас энгийн ойлгомжтой, хөгжилтэй байдлаар ярьсан байгаа.  Харин орчуулгыг нь багшийн ярьсан шиг, өөрийн ойлгож мэдэрсэн шиг хийж чадсан эсэхээ мэдэхгүй байна. Та нар минь мэдрээд л уншчихаарай. 

 

          Асуулт: Хайр гэдгийг би гадаад ертөнцөд хамааралтай гэж боддог. Мэдээж таны хэлж байгаа дотоод хайрын тухай ойлгож байна л даа. Гэхдээ түүнийг чинь хэн ч юу ч хүртэж мэдэрч чадахгүй юм бол ямар ч  утгагүй биз дээ? Жишээ нь багш та ямар ч шавьгүй болчихвол яах вэ?


                 

 

          Хариулт: Бүх шавь нар минь байхгүй болчихвол намайг ганцаараа яах вэ? гэж чи асуулаа. Намайг яана гэж чи бодоов дээ? Аглаг ойн цоорхойд нэгэн жижигхэн цэцэг цомирлогоо нээжээ, хэн ч түүнийг харахгүй, хэн ч түүнийг бишрэхгүй, хэн ч түүнийг анхилам үнэрийг мэдэрч чадахгүй, хэн ч түүний "Сайхан"-ыг магтаж шуугилдахгүй, хэн ч түүний баяр баясгаланг хуваалцахгүй, хэн ч түүнд ямар нэгэн өөрчлөлт гараад байгаа тухай сонирхохгүй. Ингэлээ гээд тэр цэцэг яах ёстой гэж? Тэр галзуурч амиа хорлох хэрэгтэй юү? Үгүй дээ. Тэр дэлгэрсээр байх болно. Зүгээр л жам ёсоороо цэцэглэсээр байх болно. Хэн нэгэн хүн түүнийг харсан ч хараагүй ч тэр өөрийгөө өөр хэн нэгэн болгож өөрчлөхгүй. Тэр баяр цэнгэл, анхилам үнэрээ салхинд шингээн бурханд, бүх л ертөнцөд илгээсээр байх болно.

 

.......Дэлгэрэнгүйг унших......

Ангилал : Гэгээрлийн замд | Нийтэлсэн : White pearl | Уншсан (161) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

Блогчдод шинэ жилийн мэнд хүргэе.

2010-01-01 01:16

         Эрхэм Блогчид та бүхэнд Шинэ оны мэнд хүргэе ээ.

       Би гэдэг хүн харин Шанхайн бөглүүдхэн буланд гав ганцаараа чимээгүйхэн даруухан сууж байгаад 2010 оноо угтаж авдгийн байна. Баярын ширээ, оргилуун дарс, гэр бүл, найз нөхөд,солют, гоё шилэн тоглоомууд өлгөөтэй гацуур, цас,..... үгүй ээ ер нь шинэ жилийн баярын уур амьсгал, танил дотно бүхэн минь нэг нь ч дэргэд байсангүй. Өрөөний охин маань унтаж байна. Түүнийг сэрээчихгүйн тулд, зурагтаа дуугүй дээр нь тавиастай, гэрлээ унтраагаастай,уруулаа хазаастай, хайрт лаптопныхоо товчлууруудыг хөнгөн зөөлөн товшоостой....... Нэг иймэрхүү хэмжээнд л угтлаа. Гэхдээ жил жилийн он солигдох мөчид төрдөг тэр л ер бусын сэтгэл догдлол минь харин надтай цуг байж, миний үнэнч нөхөр гэдгээ дахиад л харууллаа. Энэ л гайхамшиг л даа.  Энэ сэтгэлтэйгээ, энэ догдлолтойгоо байхад хаана ч хэзээ ч гуниглана гэж үгүй бас ганцаардана гэж үгүй. Дээрээс нь блог гэж гайхамшгийг нэмчихвэл нутгаасаа хол байгаа над шиг ганц ертөнцөд бол цөлд баян бүрд олохтой адил эгэл бусын сайхан зүйл юм байна. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг шиг л. Гадаад ертөнцөд юу ч болж байсан, Блог дотроо би гэдэг хүн чинь орон зай, цаг хугацаанаас үл хамааран харин ч нэг өөрийнхөөрөө аяглаж байгаа юмаа. Хүсвэл анхны хайртайгаа учирсан 16 -тай залуу бүсгүйгээс авхуулаад ач зээ нарынхаа дунд суучихаад үлгэр ярих хөөрхөн эмээ хүртэлх өөрийнхөө бүхий л цаг хугацаагаар чөлөөт аялал хийчихнэ. Аялал бүртээ л Монгол, Орос, Хятад, Япон, Энэтхэг, Итали, Испани, Франц гээд дэлхийн энд тэндхийн өөр өөр газар оронд байхыг яана аа. 2010 оны шинэ аялал минь илүү сонирхолтой.... илүү илүү илүү байгаасай.

 

                    

 

         2010 оны 1 сарын 1 -ий өдрийн энэ бичлэгээрээ дамжуулан бүх Блогчид та бүхэндээ, цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч, сэтгэл зүрх хоёртоо шатаж яваа Greentara нялх Блогийнхоо нэрийн өмнөөс шинэ жилийн супер кибер мэнд хүргэе.  Кибер ертөнцийн шонхрууд минь нисцгээ. Дэлхий, гараг эрхис хийгээд сансрын хязгааргүй уудам бүгд та нарын чөлөөт нислэгийн талбар. Шинэ онд шинэ мэдрэмж шинэ итгэл шинэ амжилт шинэ шинэ шинэ бүхнээр дүүрэн байцгаагаарай... ...

Ангилал : Эрээвэр Хураавар бодлууд | Нийтэлсэн : White pearl | Уншсан (53) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

"Шинэ жилийн мэнд хүргэе" -Дэлхийн олон хэлээр

2009-12-31 14:23

Шинэ жил, шинэ он айсуй энэ мөчид газар газрын монгол туургатан, монгол ахан дүүстээ чин зүрхнийхээ халуун мэндийг өргөн дэвшүүлье. Ирэх он бид бүхэнд эрч хүч, энэрэл хайр дүүрэн амьдралыг бэлэглэх болтулгай. Хүн бүхний санасан сайн үйлс өрнөн дэлгэрч, хотол олноороо жарган цэнгэх болтугай. Дээд тэнгэр, Бурхан талын хүмүүс биднийг хэзээд аврал ивээлдээ багтааж байх болтугай.

                
 

                       New Year Wishes Around the World

Afgani    Saale Nao Mubbarak
Afrikaans    Gelukkige nuwe jaar
Albanian    Gezuar Vitin e Ri
Armenian    Snorhavor Nor Tari
Arabic    Kul 'am wa antum bikhair
Assyrian    Sheta Brikhta
Azeri    Yeni Iliniz Mubarek!
Bengali    Shuvo Nabo Barsho
Bulgarian    Chestita Nova Godina
Cambodian    Soursdey Chhnam Tmei
Catalan    FELIÇ ANY NOU
Chinese    Xin Nian Kuai Le
Corsican Language    Pace e Salute
Croatian    Sretna Nova godina!
Cymraeg (Welsh)    Blwyddyn Newydd Dda
Czech    Šťastný Nový rok (or Stastny Novy rok)
Denish    Godt Nytår
Dhivehi    Ufaaveri Aa Aharakah Edhen
Dutch    GELUKKIG NIEUWJAAR!.......

........Цааш нь унших.........

Ангилал : Эрээвэр Хураавар бодлууд | Нийтэлсэн : White pearl | Уншсан (60) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

La Mue Du Serpent: 1 Шэнь Жэнь – Хятадын “Манчестер”

2009-12-29 02:14

Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”

Зохиогч: Erik Izraelewicz 
2005.02.02  Франц улс

Нэгдүгээр бүлэг
                                 Арьс нь гуужсан могой
                                    La Mue Du Serpent
    
              

               

                                                   Шэнь Жэнь хот 深圳市
 

Шэнь Жэнь – Хятадын “Манчестер”
Тогоруу юу? Луу юу?
Адуу шиг хурдлах эрсдэл...
Золагийн хятад хэл дээрх хувилбар
Мөхөл......Хөгжил......чшшшшш..!
Баавгай эсвэл үхэр...
Урт аянаа үргэлжлүүлэх нь
Нэгдүгээр бүлгийн дүнгэлт

 

       Өнгөрсөн хэдхэн жилийн дотор энэ жижиг боомт үнэхээр их өөрчлөгдсөн. Бөглүүхэн жижиг суурингаас аж үйлдвэрийн том хот болтлоо хөгжсөн энэ газрыг зорьсон эх газрын мянга мянган ажилчин тариачны цуваа үл тасрах ажээ. Энэ бол яах аргагүй 18 дугаар зууны сүүлчээр Английн Манчестерт болсон аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үеийн дүр зураг юм. Технологи, машин механизмын шинэчлэл хийгдэх болсноор газар тариалан эрхлэлт асар их хөнгөвчлөгдөн, улмаар хөдөө тосгонд сул хөдөлмөрийн хүчин болж хоцорсон тариачид амин зуулгаа залгуулахаар хот сууринг бараадацгаана. Тэд нүүрсний уурхай, оёдлын үйлдвэр болон бусад төрлийн компаниудад хөлсний ажилчин болно. За, чухамдаа Английн эдийн засаг ингэж л босч ирсэн юм. Аж үйлдвэрийн хувьсгалын дараах хэдэн арван жилийн турш тэд л дэлхийн эдийн засагт ноёлох хүчин болж байсан.
          Хоёр зууны дараа дээрхтэй адил тохиолдол Английн колони байсан Хонг Конгийн бөөрөнд орших Шэнь Жэньд болж байна. Шэнь Жэнь 20 дугаар зууны эцэс хүртэл  Жю Лун (九龙半岛) арлын эргийн нэг хөгжил муутай жижигхэн тосгон байсан. 1979 оноос Мао Зэдуны залгамжлагч Дэн Сиаопин Бээжинд хувьсгал эхлүүлэхдээ Шэнь Жэньд 18 дугаар зууны Англид байсантай төстэй механизм ажиллуулж эхэлсэн. Засгийн газар газар тариаланг чөлөөлж, “Эдийн засгийн онцгой бүс”-үүдийг (тэдний нэг нь Шэнь Жень) байгуулж, хувийн бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийн компаниудыг чөлөөт үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжийг олгох болсон. Чухам энэ нь Хятад өндөрт хөөрөхөөр бэлдэж байна гэсэн дохиог дэлхий нийтэд өгсөн юм. Тариаланчдын хоршоолол, хамтралууд задарч татан буугдсан нь газар тариалангийн хөгжлийг шинэ шатанд хүргэж, үйлдвэрлэлийн үр ашиг хийгээд бүтээгдэхүүний гарцыг асар их нэмэгдүүлсэн. Чухам иймээс сул хөдөлмөрийн хүчин бий болж, хөдөө тосгонд газар тариалангаас өөр үйлдвэрлэл явуулах боломж хомс тул тэд аргагүйн эрхэнд хот суурин бараадаж (Хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын нүүдэл үүнээс бий болсон), гар урлал, оёдлын хийгээд бусад үйлдвэрүүдэд ажиллах болсон. Эдгээр үйлдвэрүүдийн ихэнх нь Хонг Конг, Тайвань болон Сингапурын баячуудын барьж байгуулсан шинэхэн үйлдвэрүүд байлаа (Ингэж л аж үйлдвэржилт бий болсон). Хөдөө тосгон ч тэр хот суурин ч тэр илүү олон тооны, илүү чанар сайтай бүтээгдэхүүн гаргах болж, ард иргэд хотын хөгжлөөс ашиг хүртэж (Энэ бол хотжилт), тэдний амьжиргааны түвшин дээшилж, амьдралын чанар сайжирсан. Хуучин муу арьсаа гээж, шинэ ганган арьсаа гайхуулах эх могой шиг л, Хятад энэ хувьсгалаар эдийн засгийг нь 30 жилийн турш хүлж боомилж байсан төвлөрсөн төлөвлөгөөт систем хэмээх урт бөх олсыг нэг мөр тас татан хаяж, эдийн засгаа чөлөөлсөн. 25 жил буюу 1/4 зууны охор богино хугацаанд Хятадад үнэхээр могойн арьс гуужих бүхэл бүтэн процесс явагдсан. Эхлээд тэнд аж үйлдвэрийн хувьсгал болж, харин дараа нь дунд хөрөнгөтний давхрага бий болж, хүмүүс нийтээр баяжиж эхэлсэн. 
             Шэнь Жэнь бол энэ хувьсгалын бэлэг тэмдэг. Ердөө 25-хан жилийн дотор шүү дээ.

..........Цааш нь унших............

Ангилал : Хятад дэлхийг өөрчлөх үед | Нийтэлсэн : White pearl | Уншсан (58) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Миний дуртай кинонууд....Meyrl Streep, Jeremy Irons-ийн бүтээлүүд...бүгд гайхамшиг...

2009-12-21 16:47

           Заримдаа дуртай кинонуудаа үзэх гэхээр англи нэрийг нь мэдэхгүй болохоор Гүүгл дээр янз бүрийн түлхүүр үгээр нь хайх хэрэг гарна аа. Заримдаа нэрийг нь олно. Заримдаа олохгүй. Сүүлийн хоёр сард үзсэн кинонуудаа жагсаалаа. Ихэнхийг нь хятадын www.youku.com  дээр үзсэн. Хятадад Youtube энэ тэр чинь хориотой болохоор Youku дээр үздэг байхгүй юу. Энэ нь дундаа гацахгүй, бичлэг нь муу биш, доороо англи юмуу хятадаар титр нь гүйчихнэ гээд олон давуу талтай.  Ялангуяа англи хэл дээрх кино үзээд суухад дуудлага энэ тэр нь чихэнд хоногшоод бас аятайхан.

           Чиний мэдрэмжүүд магадгүй минийхтэй төстэй бол доор байгаа кинонууд чамд бас таалагдах байх. Чи ихэнхийг нь үзсэн ч байж болох юм. Хэрэв үзээгүй бол цаг гаргаад үзнэ гэдэгт чинь эргэлзэхгүй байна. Би доор нэг бичлэг дээрээ хэлж байсан санагдана. Цөөн дүртэй, үг багатай, утга санаа нь гүн, сэтгэлийн мухарт хэдэн мянган жилээр тоосонд дарагдан амьгүй мэт хэвтэх тэр л торгон нарийн мэдрэмжүүдийг минь нэг нэгээр нь ч болов сэрээж, хөгжөөж чадах тийм л кинонд дуртай тухайгаа. Ихэнхдээ классик кино үзэхэд мэдрэлийн эрхтнүүд, сэрэл мэдрэмж минь арай өндөр ачаалдаг юм шиг санагддаг. Энэ нь эерэг нөлөө ихтэй. Чулуужсан мэдрэмжүүд минь амь орж, амьсгалж эхэлэхэд, жинхэнэ үнэнтэйгээ учирч, жинхэнэ өөрийгөө олоход минь эерэг нөлөөтэй байдаг шиг.

 

                    

                                     "Shakespeare in love"
 

          Ерөөс хүн нийгэмших тусмаа, өөрийнхөө хувь чанарыг алдаж байдаг бөгөөд нарийн "Мэдрэмж"-үүд нь суларч байдаг юм шиг. "Мэдрэмж" л бидний амьдралд хандах хандлага, бидний сэтгэл хийгээд бодлын далайд асар их нөлөөлдөг юм байна гэдгийг Моцартын амьдрал уран бүтээлийг өгүүлдэг "Amadues" киноноос мэдэж аваад учиргүй баярлаж байсан санагдана. Тэр үед би 6 дугаар ангийн жаалхан охин байлаа. Хүүхдийн сүнс, бодол сэтгэл нь ариун байдаг гэдэг үнэн бололтой. Магадгүй 30 дөхөж яваа энэ насандаа тэр киног анх үзсэн бол энэ жижигхэн ухаарлаа чихний хажуугаараа зүгээр л урсгаад өнгөрөөх байсан байх. Учир нь тархинд минь хэдийнэ save-лэгдсэн нийгмийн элдэв үзэл ухамсар, мэдээ мэдээлэл, мэдлэг туршлага, амьдралын тогтсон хэв маяг минь түүнийг юман чинээ бодохгүй л дээ.

......цааш унших.......

Ангилал : Миний үнэн миний худал | Нийтэлсэн : White pearl | Уншсан (216) | Сэтгэгдэл ( 10 ) | Дэлгэрэнгүй

Бэлгээ хүлээн ав. Тэгээд гайхамшгаа бүтээ......

2009-12-13 16:52

        Заримдаа энэ дэлхий, энэ нийгэм тэр чигээрээ Доржоо, Дулмаа, Юндэн, Нансалмаа, Батаа, Оюунаа гэх мэт аав ээжээс өгсөн нэрээрээ л бие биеэсээ багахан ялгарах бөөн хүмүүсийн цуваа шиг санагддаг. Энэ цувааны толгой, сүүл нь хаана байгааг хэн ч анзаарахгүй. Бас энэ цуваа хаашаа явж байгааг хэн ч мэдэхийг хүсэхгүй. Зөвхөн шил шилээ даган урагшаа чимээгүй алхана. Тэдэнд сүсэг бишрэл гэж үгүй. Тэдэнд найз нөхөр гэж үгүй. Тэдэнд дайсан ч гэж үгүй. Цуваанаас гарч болохгүй гэсэн ганцхан дүрэм тэдэнд үйлчилдэг.

        Энэ бол энэ цаг үеийн нийгмийн тогтолцооны ажиллах гол механизм. Социолист, демократ, эсвэл фашист гээд аль ч нийгмийн тогтолцоо үүнд хамаатай. Чи дуулгавартай, яг дүрмийн дагуу байх юм бол "Онц сайн" гэсэн үнэлгээ авч, нийгмийн сайшаалыг үргэлжлүүлэн хүртэнэ. Харин эсэргээрээ чи дүрмийг зөрчиж, цуваа хаашаа явж байгааг сонирхож эхлэх, цувааны бусад гишүүдэд асуудал дэвшүүлэх, эсвэл бүр цувааг орхих хүсэлтээ тавих юм бол нийгмийн "Хог шаар" гэсэн пайз хүзүүндээ зүүлгэж, цаг үеийн хамгийн мулгуй тэнэгээр шалгарах болно.

 

              

        Үнэндээ нийгэм, хүний хувь чанар хоёр яг зөрөлдөөд байдаг шиг. Чи хувь чанараа хөгжүүлээд ирвэл, нийгэм масс чамайг хүлээж авахгүй нүдний өргөс, шүдний чигчлүүр шиг үзнэ. Харин нийгмийн дуулгавартай үлгэр жишээ албат болъё гэвэл хувь чанараа бүрэн үгүйсгэж, "Жинхэнэ"өөрийгөө боомилох хэрэгтэй болно.

        Манай нийгмийн 99% -ийг "дуулгавартай сайн албат"-ууд бүрдүүлж байгаа. Тэд бол олонх. Тиймээс энэ нийгмийн шалгуур, цэнзүүрийг тэдэнд ээлтэйгээр тогтоосон. Тухайлбал, өөрийгөө бүрэн үгүйсгэж, өөрийгөө бүрэн алдаж чадсан нь хамгийн сайн буюу ухаантай хүн, харин хувь чанараа хөгжүүлж, өөрөө өөрөөрөө байгаа нь хамгийн муу буюу эргүү тэнэг болж таардаг.

       Хувь чанар бол бурханы бидэнд өгсөн бэлэг. Хүн бүр газар дэлхий дээр унахдаа өөрт оногдсон ууттай бэлгээ хүлээн авдаг. Энэ бэлэг зөвхөн чамд зориулагдсан тусгай бэлэг учраас чи л хүлээн авсан цагт чиний биеэр, чиний сүнсээр дамжин хэрэгжих ёстой байдаг. Бэлэг бүр жирийн бус. Жинхэнэ гайхамшиг байдаг.

.......цааш унших.........

Ангилал : Гэгээрлийн замд | Нийтэлсэн : White pearl | Уншсан (133) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

"Global Village" - Дэлхийн хүмүүс монголоор ярьж, монгол дээл өмсвөл....

2009-12-13 13:11

       Энэ хэдэн өдөр Шанхайд хүйтэн бороо цутгасаар л байна. Би гэдэг хүн хөнжлөөсөө хамраа ч цухуйлгалгүй, орон дотроо laptop-оо тэврэн кино үзсээр хэвтлээ.Золоор дуртай кинонуудаа хаанаас хэзээ ч тааваараа үзэх сайхан боломжийг энэ эрин цаг бидэнд олгосон байх юм. Нэг талдаа энэ бол зүгээр л гайхамшиг. Гэвч зоос хоёр талтайг санахад илүүдэхгүй.

Найз аа, чи ямар кинонд дуртай вэ?

       Манай өрөөний Африк охин Мари бол инээдмийн кинонд дуртай. Дээд давхрын Япон охин аймшгийн кинонд дуртай. Харин би аль алинд нь тийм ч дуртай биш. Цөөн хэдхэн дүртэй, үг яриа багатай, миний дотоод мэдрэмжийг өндөр төрүүлэхээр кинонуудад би дуртай. Ийм кино надад өөрийнхөөрөө мэдэрч, өөрийнхөөрөө ойлгож дүгнэх боломж, цаг хугацаа олгодог юм.

       Ер нь энгийн үед би нээх кино үзээд байдаггүй. Хааяа телевиз ч асаамааргүй байдаг. Дэндүү тээртэй, төвөгтэй санагддаг. Уг нь дургүй биш дуртай л даа. Аймшигтай нь нэг л үзээд эхлэх юм бол өөрийгөө хянаж чадахаа больдог. Хэдэн цаг ч хамаагүй нүдээ салгаж ядан телевизтэйгээ яриад суучихна ш д. Тэр үед хамаг ажил, ар гэр будаа. Бүр ядарч туйлдаж байж, сая л тэр хар хайрцгаа тэжээлээс нь салгаж, за ингээд л миний ухаан өөрийн биедээ эргэж ирдэг дээ. Энэ бол хар тамхи. Энэ бол хүчирхийлэл.

       Хүн төрөлхтний хөгжлийн хурд, амьдралын хэмнэл нэгэнтээ толгой эргэм, галзуурмаар хурдан болчихсон байна аа. Хурдан байгаа нь сайн ш дээ гэж хүн бүр хэлэх байх. Гэвч тэр солиором хурд чинь төсөөлөмгүй их хөнөөл дагуулж байгааг хүмүүс төдийлөн анзаарахгүй байна. Үүнд мэдээлэл харилцаа холбооны хөгжил, түүний хурд асар их нөлөөлж байна.

             
           Мarshall McLuhan                            "GLobal Village"

Өнгөрсөн зууны 80 -аад оны үеийн мэдээлэл харилцаа холбооны салбарт "Global Village" буюу "Нэг дэлхий нэг тосгон" (Утгачилчихлаа шүү. Үүнийг монголд яг юу гэж орчуулж байгааг мэдэхгүй байна.) гэсэн нэгэн шинэ ойлголт гарч ирсэн. Үүнийг Канадын судлаач McLuhan анх дэвшүүлсэн юм.

         Мэдээлэл харилцаа холбооны хэрэгсэл хурдацтай шинэчлэгдэн хөгжих тусам хүний мэдрэмж, мэдрэхүйн эрхтнүүдийн идэвхи оролцоо төдий чинээ багасч, хүн төрөлхтний сэтгэхүйн хэлбэр ижилсэн, хүмүүсийн хувь чанар буюу тодруулбал өөр өөрийн онцгой сэтгэх чадвар улам бүр л суларч байгаа юм. Энэ бол дээрх шинэ ойлголтын гол санаа.Өөрөөр хэлбэл, мэдээлэл технологийн энэ эрин зуунд манай дэлхий яг нэг жижигхэн тосгон шиг болж хумигдсаар байна гэсэн үг.

          Энэ бол 1980- аад оны үед гарсан ойлголт. McLuhan яг зөв харж чадсан. Түүний ойлголт өдрөөс өдөрт бидний амьдрал дунд батлагдсаар байна.

          Өнөөдөр дэлхийн бүх хүн адилхан хувцаслаж, бүгд л Gucci, D&G, CD, LV, Burburry, BCBG、DKNY、CK энэ толгой эргэм брэндүүдийн хувцасыг л хамгийн гоё гэж бодох болсон. Дэлхийн бүх хүмүүс л уламжлалт орон сууцаа голж, хувийн орон сууц хаус юмуу апартментэд амьдрахыг илүүд үзэх болсон. За тэгээд хөгжмийн хувьд ч гэсэн дэлхийн бүх залуучууд л адилхан хамтлагууд шүтэж, адилхан дуунууд л сонсох болсон доо. Товчдоо бол асар их мэдээлийн урсгалд бөмбөгдүүлж, хүчиндүүлсээр ДЭЛХИЙ НИЙТ АДИЛХАН СЭТГЭДЭГ болчихжээ.

........Бүтнээр нь унших..........

Ангилал : Эрээвэр Хураавар бодлууд | Нийтэлсэн : White pearl | Уншсан (100) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

Яаадгийн......Жавхланг өмөөрнө...

2009-12-11 20:55

          Өнөөдөр www.youku.com  дээр НТВ телевизийн "Үнэн үү?" Ток шоуг үзлээ. Дуучин Жавхлан оролцжээ.  Нэвтрүүлгийн жанарт нийцүүлэх гэж тэгсэн үү эсвэл хөтлөгчийн хувийн тоглолтоос болсон уу энэ удаа Жавхланг барьц алдуулах гэж арай л гар хөл дээр нь халуун кофе асгасангүй. Хөтлөгчийн асуултууд нь ёстой хөх инээд хүргэсэн. Бас тэдгээр ядмагхан асуултанд нь тааруулж Жавхлан ч ядруухан хариулсан шиг санагдсан. Сэтгүүлзүйн үүднээсээ бол нэвтрүүлэг эсвэл нийтлэл нь ямар нэгэн сонин содон шийдэл, имиджтэй байж, бас түүнд нь олон сонсогч, үзэгч, уншигч татагдан, ямар нэг сайн муу эерэг сөрөг хариу үйлдэл үзүүлэх нь маш сайн үр дүн л дээ. Гэвч тоймгүй олон сайт дээрээс Жавхлангийн мууг үзэж, тэнэгийг гайхан бичсэн комментуудыг харсан учир би ч өөрийн бодлоо хуваалцъя гэж бодсон. Үнэндээ бол хөдөөний засрахгүй мулгуй, ном уншдаггүй тэнэг, боловсролгүй дипломгүй бүдүүлэг харанхуй гэж элдвээр гоочилж, янз бүрээр муулаад байгаа тэр хүмүүсээс Жавхланг өмөөрч өмгөөлөх гэсийн.  Яг л түүний аав нь ээж нь, ар гэр нь юм шиг.... түүний төлөө өмөлзөх гэсийн.... Дашрамд хэлэхэд хүний олон хүнээ барьж иддэггүй юм....

                          

          Жавхлан сайхан эр хүн, сайн дуучин. Ухаантай, бодолтой, хэрсүү, сайхан ч ярьдаг хүн. Агуулгынхаа үүднээс энэ нэвтрүүлгээр өөрийгөө давгүй сайхан илэрхийлсэн гэж би бодож байна. Түүний  хурдан удаан ярих нь гол биш ээ. Өөрийнхөөрөө чөлөөтэй тайван ярьж байсан. Тэр хүнийг дуурайж аягласангүй, бусдыг хуулж маягласангүй. Үнэндээ Жавхлангийн үг бүрээс хаанаас ирсэн хийгээд хаашаа яаж явахаа мэддэг, өөрийнхөө дотоодод бага ч гэсэн нэвтэрсэн эгэл монгол эр хүний энгүүн сайхан ухаан мэдрэгдэж байсан.

          Диплом өвөртөлсөн хүн болгон өндөр боловсролтой, бусдын төлөө өөрийн биеийг дайчилж чадах "сайн" хүн байдаг юм биш ээ. Хэрэв чи олон сургууль дүүргэсэн олон дипломтой болгоныг "сайн" хүн байх ёстой гэдэгт гар өргөж байгаа бол өнөөдөр энэ эх орон чинь, энэ гэр орон чинь ямархуу байдалтай байгаад хараад нэг үзээрэй. Харин ч надад заримдаа тэр дипломтой мэргэд чинь л улс орон ард түмнийг хойш татаж байгаа мэт санагддаг юм шүү.

         3 сая хүрэхгүй хүнээ хүний дайтай амьдруулж чадахгүй, улс орноо улсын дайтай аваад явж чадахгүй байгаа арчаагүй хоосон толгойтнууд 76 суудал дээр чинь ангайж идэж, алцайж хэвтэж байна. "Нарантуул"-ын Сайхансамбуу гэж сайхан нэртэй панзчин хүртэл эдийн засгийн магистр юмуу доктор гээд л Их Хуралд чинь нэрээ дэвшүүлж, жирийн олны хормой хотноос саасан бохир мөнгөөрөө дээшээ гараад суудал бузарлаж, бүх ард түмэн яг өөртэй нь адилхан баян тансагт умбан байгаа мэт жаргалтай инээмсэглэл тодруулан суугаа нь үнэн биз дээ. Юу хийсийн? Хүний урманд төрсөн хүүхдүүдээ ч олигтой хүн болгож чадаагүй энэ мэт эрхэм хүмүүс таны болон таны хүүхдийн төлөө, цаашлаад эх орны ирээдүйн хөгжлийн төлөө юу хийж чадах юм? Сайхансамбуу гуайн сайхан хүү нь монголд 1 литр бензиний үнэ 100 доллар болохыг хүлээгээд сууж байна гэхийг нь хавийн улс амьтан чихээр сонссон байна билээ. Тэр үед Улаанбаатар хотод гав ганцаараа машинтай сүнгэнэх юм байх аа. Тэнгэр бурхан минь. Яасан хар гай вэ? Ямар харалган бодол вэ? Энэ бол жинхэнэ солио, хийрхэл, "Диплом"-той тархины тураал. Өнөө алдарт монголч эрдэмтэн доктор гэгддэг Япон эмэгтэй Кимүра Аяакогийн хичнээн их идэж уусан ч бүр нэг идэж уусан шинжгүй Монголын урт ходоодтонгууд, алт мөнгө хичнээн ихээр нь хараад бүр хармайлсан ч нүд нь өөхөлдөггүй цэхэр хараатнуудын тухай бичсэн "Тархины тураал" нэртэй нийтлэлийнх нь онож хэлсэн ганц сайхан дүрслэл санаанд буучихлаа байна.

        Тийм байтал яалаа гээд зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах гэсэн аавын хүү, сайхан монгол эр хүн эгэл ардын хүү санаж сарвайгаад хүрдэггүй тэр өндөр сэнтийд нь гарч үгээ хэлж болдоггүй юм?

.......цааш нь унших.........

Ангилал : Жавхлант эх орон минь | Нийтэлсэн : White pearl | Уншсан (678) | Сэтгэгдэл ( 21 ) | Дэлгэрэнгүй

La Mue Du Serpent: Хятадын өөрчлөлт буюу арьс нь гуужсан могой

2009-12-09 19:42

Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”

Нэгдүгээр бүлэг
                          Арьс нь гуужсан могой
                           La Mue Du Serpent
       

                                    
                          Шанхайн Пүдун шинэ дүүрэг


Шэнь Жэнь – Хятадын “Манчестер”
Тогоруу юу? Луу юу?
Адуу шиг хурдлах эрсдэл...
Золагийн хятад хэл дээрх хувилбар
Мөхөл......Хөгжил......чшшшшш..!
Баавгай эсвэл үхэр...
Урт аянаа үргэлжлүүлэх нь
Нэгдүгээр бүлгийн дүнгэлт

          1990 оны намар, Францын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Франсуа Периго (François Perigot) Шанхай хотын урилгаар Пүдун шинэ дүүргийн барилгын талбай дээр хүрэлцэн очиж, тэндхийн барилга инженерийн ажилтай танилцах болсон юм. Явах зам нилээд урт, бас хотын дундуур урсах Хуан Пү (黄浦江) мөрнийг гатлах нь хялбар биш тул, машинаар заавал тойрч явна. Шавар шавхай, энхэл донхолтой замаар явж байж Шанхайн ирээдүйн “Шинэ дүүрэг”-т хүрэх юм гэж уригч талынхан урьдчилан санууллаа.
           Аялалын замд ерөнхийлөгчийг дагалдан явсан сурвалжлагч болон бизнесмэнүүд цагийн зөрүүнээс болж ядрахдаа машины дуунд хүч нэмэн хамар татацгаан унтана. Хоёр цагийн дараа бид асар том хоосон талбайд ирэх нь тэр. Энд тэндгүй шавар шалбааг, шороон зам, тэр ч бүү хэл үр тариа найгасан тариан талбай ч харагдлаа. Хэдэн трактор тэнд газар тэгшлэх аж. Мөрний цаад эрэгт сүндэрлэн байх 20, 30 –аад оны хуучин барилгууд тэдний хотын захиргаанаас ердөө хэдэн зуухан метрийн цаана байх нь холоос харагдлаа. Энэ нь биднийг “Дорнын Парис”-т зогсож байгаагаа дахин нэг санахад хүргэсэн юм. Хятадын талын нэгэн хүн бидэнд тайлбарлаж: “Энд бид Пүдун –ыг байгуулах юм. Шанхай өргөжин тэлж, энэ бүс нутаг хийгээд бүх Хятадын санхүү, эдийн засгийн төв болох юм. ” гэдэг юм байна. Нилээд нухацтай тайлбарлахын тулд энэ залуу ажилтан бидний хэдэн төлөөлөгчдөөс барилгын талбайд байх жижигхэн модон байшинд орохыг хүслээ.
          Авсаархан энгийн энэ байшинд асар том хэмжээтэй 3 макет байх юм. Эхнийх нь “Шанхай 1995”. Хуан пү мөрний эрэгт, хуучин дүүргийн эсрэг талд жинхэнэ “Манхетон” гэмээр том том байшин барилга сүндэрлүүлэн хийж. Хоёр дах макет нь “Шанхай 2000”. Эхний “Манхетон” хүүхэд төрүүлчихэж гэлтэй. Дөрвөн шинэ “Манхетон”. Гуравдахь макет хэлбэр хийц, хэмжээ домжоогоороо бидний анхаарлыг эрхгүй татлаа. Өнөө залуу ч толгой эргэж, нүд эрээлжилмээр олон тоо баримт, төсөл хөтөлбөрийн тухай ярьж гарлаа. “Бидний хот дэлхийн хамгийн том боомт болно. Дэлхийн санхүүгийн төв болж ч магадгүй” гэж бидний хэн нэгний чихэнд сонстох шиг боллоо.
        “Бардам ам, шалдан гуя” тэдний ярианд эргэлзсэн нэгэн франц бизнесмэн сэтгүүлчид сэм хэлж байх юм. Бизнесмэн Пүдуны тухай хамгийн анх сонсч буй нь энэ юм. Бас хамгийн сүүлчийнх нь гэж тэр бат итгэнэ ээ. Учир нь маш олон ядуу улс орон үүн шиг том том, сайхан төсөл баталчихаад хэрэгжүүлж эхлээ ч үгүй байхдаа шантраад орхиж байсныг тэр нүдээрээ олонтаа харсан билээ. Энэ бол түүний хувьд зүгээр л “Хаадын сэрүүн зүүд”, хэзээ ч хэрэгжих боломжгүй зүйл. Alstom, Aerospace, Citroen компаниудын төлөөлөгчид ч энэ талаар түүнтэй санал нэг байлаа.
          2003 оны 12 дугаар сар, 13 жилийн дараа Францын Ган төмөрлөгийн компаний захирал асан бөгөөд Францын Сангийн яамны сайд Francis Mer хэдэн бизнесмений хамтаар Шанхайн Пүдуны олон улсын нисэх буудалд газарджээ. Герман нөхдүүд тэдэнд дэлхийн хамгийн хурдан галт тэрэг барьж өгчээ. Нүүр царайгаа бүрэн сольсон Шанхай хот хамгийн орчин үеийн нисэх буудлаа галт тэргэний замд холбосон байх ажээ. “7 минутанд 35 километр гэнэ ээ ! Цагт 300-400 киломерт хурдлана гэсэн үг. Энэ чинь Францын өндөр хурдны галт тэрэгнээс хэд дахин хурдан байх нь” гэцгээнэ. Замын баруун талд, өндөр байшин барилга сүндэрлэн, өргөгч Кранууд энд тэндгүй дүүжлээтэй. Замын зүүн талд бас л байшин барилгууд, кранууд. Энгийн авто зам, хурдны зам, 6 урсгалтай, бүр 8 урсгалтай замууд хотыг хирсэн байх юм. Асар том гүүр бас газар доогуурх туннель Хуанпү мөрний хоёр эргийг холбох аж.

.....цааш  нь унших......

Ангилал : Хятад дэлхийг өөрчлөх үед | Нийтэлсэн : White pearl | Уншсан (54) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 >