Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”
Зохиогч: Erik Izraelewicz
2005.02.02 Франц улс
Нэгдүгээр бүлэг
Арьс нь гуужсан могой
La Mue Du Serpent
Шэнь Жэнь – Хятадын “Манчестер”
Тогоруу юу? Луу юу?
Адуу шиг хурдлах эрсдэл...
Золагийн хятад хэл дээрх хувилбар
Мөхөл......Хөгжил......чшшшшш..!
Баавгай эсвэл үхэр...
Урт аянаа үргэлжлүүлэх нь
Нэгдүгээр бүлгийн дүнгэлт
Өнгөрсөн хэдхэн жилийн дотор энэ жижиг боомт үнэхээр их өөрчлөгдсөн. Бөглүүхэн жижиг суурингаас аж үйлдвэрийн том хот болтлоо хөгжсөн энэ газрыг зорьсон эх газрын мянга мянган ажилчин тариачны цуваа үл тасрах ажээ. Энэ бол яах аргагүй 18 дугаар зууны сүүлчээр Английн Манчестерт болсон аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үеийн дүр зураг юм. Технологи, машин механизмын шинэчлэл хийгдэх болсноор газар тариалан эрхлэлт асар их хөнгөвчлөгдөн, улмаар хөдөө тосгонд сул хөдөлмөрийн хүчин болж хоцорсон тариачид амин зуулгаа залгуулахаар хот сууринг бараадацгаана. Тэд нүүрсний уурхай, оёдлын үйлдвэр болон бусад төрлийн компаниудад хөлсний ажилчин болно. За, чухамдаа Английн эдийн засаг ингэж л босч ирсэн юм. Аж үйлдвэрийн хувьсгалын дараах хэдэн арван жилийн турш тэд л дэлхийн эдийн засагт ноёлох хүчин болж байсан.
Хоёр зууны дараа дээрхтэй адил тохиолдол Английн колони байсан Хонг Конгийн бөөрөнд орших Шэнь Жэньд болж байна. Шэнь Жэнь 20 дугаар зууны эцэс хүртэл Жю Лун (九龙半岛) арлын эргийн нэг хөгжил муутай жижигхэн тосгон байсан. 1979 оноос Мао Зэдуны залгамжлагч Дэн Сиаопин Бээжинд хувьсгал эхлүүлэхдээ Шэнь Жэньд 18 дугаар зууны Англид байсантай төстэй механизм ажиллуулж эхэлсэн. Засгийн газар газар тариаланг чөлөөлж, “Эдийн засгийн онцгой бүс”-үүдийг (тэдний нэг нь Шэнь Жень) байгуулж, хувийн бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийн компаниудыг чөлөөт үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжийг олгох болсон. Чухам энэ нь Хятад өндөрт хөөрөхөөр бэлдэж байна гэсэн дохиог дэлхий нийтэд өгсөн юм. Тариаланчдын хоршоолол, хамтралууд задарч татан буугдсан нь газар тариалангийн хөгжлийг шинэ шатанд хүргэж, үйлдвэрлэлийн үр ашиг хийгээд бүтээгдэхүүний гарцыг асар их нэмэгдүүлсэн. Чухам иймээс сул хөдөлмөрийн хүчин бий болж, хөдөө тосгонд газар тариалангаас өөр үйлдвэрлэл явуулах боломж хомс тул тэд аргагүйн эрхэнд хот суурин бараадаж (Хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын нүүдэл үүнээс бий болсон), гар урлал, оёдлын хийгээд бусад үйлдвэрүүдэд ажиллах болсон. Эдгээр үйлдвэрүүдийн ихэнх нь Хонг Конг, Тайвань болон Сингапурын баячуудын барьж байгуулсан шинэхэн үйлдвэрүүд байлаа (Ингэж л аж үйлдвэржилт бий болсон). Хөдөө тосгон ч тэр хот суурин ч тэр илүү олон тооны, илүү чанар сайтай бүтээгдэхүүн гаргах болж, ард иргэд хотын хөгжлөөс ашиг хүртэж (Энэ бол хотжилт), тэдний амьжиргааны түвшин дээшилж, амьдралын чанар сайжирсан. Хуучин муу арьсаа гээж, шинэ ганган арьсаа гайхуулах эх могой шиг л, Хятад энэ хувьсгалаар эдийн засгийг нь 30 жилийн турш хүлж боомилж байсан төвлөрсөн төлөвлөгөөт систем хэмээх урт бөх олсыг нэг мөр тас татан хаяж, эдийн засгаа чөлөөлсөн. 25 жил буюу 1/4 зууны охор богино хугацаанд Хятадад үнэхээр могойн арьс гуужих бүхэл бүтэн процесс явагдсан. Эхлээд тэнд аж үйлдвэрийн хувьсгал болж, харин дараа нь дунд хөрөнгөтний давхрага бий болж, хүмүүс нийтээр баяжиж эхэлсэн.
Шэнь Жэнь бол энэ хувьсгалын бэлэг тэмдэг. Ердөө 25-хан жилийн дотор шүү дээ.
..........Цааш нь унших............
Заримдаа дуртай кинонуудаа үзэх гэхээр англи нэрийг нь мэдэхгүй болохоор Гүүгл дээр янз бүрийн түлхүүр үгээр нь хайх хэрэг гарна аа. Заримдаа нэрийг нь олно. Заримдаа олохгүй. Сүүлийн хоёр сард үзсэн кинонуудаа жагсаалаа. Ихэнхийг нь хятадын www.youku.com дээр үзсэн. Хятадад Youtube энэ тэр чинь хориотой болохоор Youku дээр үздэг байхгүй юу. Энэ нь дундаа гацахгүй, бичлэг нь муу биш, доороо англи юмуу хятадаар титр нь гүйчихнэ гээд олон давуу талтай. Ялангуяа англи хэл дээрх кино үзээд суухад дуудлага энэ тэр нь чихэнд хоногшоод бас аятайхан.
Чиний мэдрэмжүүд магадгүй минийхтэй төстэй бол доор байгаа кинонууд чамд бас таалагдах байх. Чи ихэнхийг нь үзсэн ч байж болох юм. Хэрэв үзээгүй бол цаг гаргаад үзнэ гэдэгт чинь эргэлзэхгүй байна. Би доор нэг бичлэг дээрээ хэлж байсан санагдана. Цөөн дүртэй, үг багатай, утга санаа нь гүн, сэтгэлийн мухарт хэдэн мянган жилээр тоосонд дарагдан амьгүй мэт хэвтэх тэр л торгон нарийн мэдрэмжүүдийг минь нэг нэгээр нь ч болов сэрээж, хөгжөөж чадах тийм л кинонд дуртай тухайгаа. Ихэнхдээ классик кино үзэхэд мэдрэлийн эрхтнүүд, сэрэл мэдрэмж минь арай өндөр ачаалдаг юм шиг санагддаг. Энэ нь эерэг нөлөө ихтэй. Чулуужсан мэдрэмжүүд минь амь орж, амьсгалж эхэлэхэд, жинхэнэ үнэнтэйгээ учирч, жинхэнэ өөрийгөө олоход минь эерэг нөлөөтэй байдаг шиг.

Ерөөс хүн нийгэмших тусмаа, өөрийнхөө хувь чанарыг алдаж байдаг бөгөөд нарийн "Мэдрэмж"-үүд нь суларч байдаг юм шиг. "Мэдрэмж" л бидний амьдралд хандах хандлага, бидний сэтгэл хийгээд бодлын далайд асар их нөлөөлдөг юм байна гэдгийг Моцартын амьдрал уран бүтээлийг өгүүлдэг "Amadues" киноноос мэдэж аваад учиргүй баярлаж байсан санагдана. Тэр үед би 6 дугаар ангийн жаалхан охин байлаа. Хүүхдийн сүнс, бодол сэтгэл нь ариун байдаг гэдэг үнэн бололтой. Магадгүй 30 дөхөж яваа энэ насандаа тэр киног анх үзсэн бол энэ жижигхэн ухаарлаа чихний хажуугаараа зүгээр л урсгаад өнгөрөөх байсан байх. Учир нь тархинд минь хэдийнэ save-лэгдсэн нийгмийн элдэв үзэл ухамсар, мэдээ мэдээлэл, мэдлэг туршлага, амьдралын тогтсон хэв маяг минь түүнийг юман чинээ бодохгүй л дээ.
......цааш унших.......
Заримдаа энэ дэлхий, энэ нийгэм тэр чигээрээ Доржоо, Дулмаа, Юндэн, Нансалмаа, Батаа, Оюунаа гэх мэт аав ээжээс өгсөн нэрээрээ л бие биеэсээ багахан ялгарах бөөн хүмүүсийн цуваа шиг санагддаг. Энэ цувааны толгой, сүүл нь хаана байгааг хэн ч анзаарахгүй. Бас энэ цуваа хаашаа явж байгааг хэн ч мэдэхийг хүсэхгүй. Зөвхөн шил шилээ даган урагшаа чимээгүй алхана. Тэдэнд сүсэг бишрэл гэж үгүй. Тэдэнд найз нөхөр гэж үгүй. Тэдэнд дайсан ч гэж үгүй. Цуваанаас гарч болохгүй гэсэн ганцхан дүрэм тэдэнд үйлчилдэг.
Энэ бол энэ цаг үеийн нийгмийн тогтолцооны ажиллах гол механизм. Социолист, демократ, эсвэл фашист гээд аль ч нийгмийн тогтолцоо үүнд хамаатай. Чи дуулгавартай, яг дүрмийн дагуу байх юм бол "Онц сайн" гэсэн үнэлгээ авч, нийгмийн сайшаалыг үргэлжлүүлэн хүртэнэ. Харин эсэргээрээ чи дүрмийг зөрчиж, цуваа хаашаа явж байгааг сонирхож эхлэх, цувааны бусад гишүүдэд асуудал дэвшүүлэх, эсвэл бүр цувааг орхих хүсэлтээ тавих юм бол нийгмийн "Хог шаар" гэсэн пайз хүзүүндээ зүүлгэж, цаг үеийн хамгийн мулгуй тэнэгээр шалгарах болно.

Үнэндээ нийгэм, хүний хувь чанар хоёр яг зөрөлдөөд байдаг шиг. Чи хувь чанараа хөгжүүлээд ирвэл, нийгэм масс чамайг хүлээж авахгүй нүдний өргөс, шүдний чигчлүүр шиг үзнэ. Харин нийгмийн дуулгавартай үлгэр жишээ албат болъё гэвэл хувь чанараа бүрэн үгүйсгэж, "Жинхэнэ"өөрийгөө боомилох хэрэгтэй болно.
Манай нийгмийн 99% -ийг "дуулгавартай сайн албат"-ууд бүрдүүлж байгаа. Тэд бол олонх. Тиймээс энэ нийгмийн шалгуур, цэнзүүрийг тэдэнд ээлтэйгээр тогтоосон. Тухайлбал, өөрийгөө бүрэн үгүйсгэж, өөрийгөө бүрэн алдаж чадсан нь хамгийн сайн буюу ухаантай хүн, харин хувь чанараа хөгжүүлж, өөрөө өөрөөрөө байгаа нь хамгийн муу буюу эргүү тэнэг болж таардаг.
Хувь чанар бол бурханы бидэнд өгсөн бэлэг. Хүн бүр газар дэлхий дээр унахдаа өөрт оногдсон ууттай бэлгээ хүлээн авдаг. Энэ бэлэг зөвхөн чамд зориулагдсан тусгай бэлэг учраас чи л хүлээн авсан цагт чиний биеэр, чиний сүнсээр дамжин хэрэгжих ёстой байдаг. Бэлэг бүр жирийн бус. Жинхэнэ гайхамшиг байдаг.
.......цааш унших.........
Энэ хэдэн өдөр Шанхайд хүйтэн бороо цутгасаар л байна. Би гэдэг хүн хөнжлөөсөө хамраа ч цухуйлгалгүй, орон дотроо laptop-оо тэврэн кино үзсээр хэвтлээ.Золоор дуртай кинонуудаа хаанаас хэзээ ч тааваараа үзэх сайхан боломжийг энэ эрин цаг бидэнд олгосон байх юм. Нэг талдаа энэ бол зүгээр л гайхамшиг. Гэвч зоос хоёр талтайг санахад илүүдэхгүй.
Найз аа, чи ямар кинонд дуртай вэ?
Манай өрөөний Африк охин Мари бол инээдмийн кинонд дуртай. Дээд давхрын Япон охин аймшгийн кинонд дуртай. Харин би аль алинд нь тийм ч дуртай биш. Цөөн хэдхэн дүртэй, үг яриа багатай, миний дотоод мэдрэмжийг өндөр төрүүлэхээр кинонуудад би дуртай. Ийм кино надад өөрийнхөөрөө мэдэрч, өөрийнхөөрөө ойлгож дүгнэх боломж, цаг хугацаа олгодог юм.
Ер нь энгийн үед би нээх кино үзээд байдаггүй. Хааяа телевиз ч асаамааргүй байдаг. Дэндүү тээртэй, төвөгтэй санагддаг. Уг нь дургүй биш дуртай л даа. Аймшигтай нь нэг л үзээд эхлэх юм бол өөрийгөө хянаж чадахаа больдог. Хэдэн цаг ч хамаагүй нүдээ салгаж ядан телевизтэйгээ яриад суучихна ш д. Тэр үед хамаг ажил, ар гэр будаа. Бүр ядарч туйлдаж байж, сая л тэр хар хайрцгаа тэжээлээс нь салгаж, за ингээд л миний ухаан өөрийн биедээ эргэж ирдэг дээ. Энэ бол хар тамхи. Энэ бол хүчирхийлэл.
Хүн төрөлхтний хөгжлийн хурд, амьдралын хэмнэл нэгэнтээ толгой эргэм, галзуурмаар хурдан болчихсон байна аа. Хурдан байгаа нь сайн ш дээ гэж хүн бүр хэлэх байх. Гэвч тэр солиором хурд чинь төсөөлөмгүй их хөнөөл дагуулж байгааг хүмүүс төдийлөн анзаарахгүй байна. Үүнд мэдээлэл харилцаа холбооны хөгжил, түүний хурд асар их нөлөөлж байна.

Мarshall McLuhan "GLobal Village"
Өнгөрсөн зууны 80 -аад оны үеийн мэдээлэл харилцаа холбооны салбарт "Global Village" буюу "Нэг дэлхий нэг тосгон" (Утгачилчихлаа шүү. Үүнийг монголд яг юу гэж орчуулж байгааг мэдэхгүй байна.) гэсэн нэгэн шинэ ойлголт гарч ирсэн. Үүнийг Канадын судлаач McLuhan анх дэвшүүлсэн юм.
Мэдээлэл харилцаа холбооны хэрэгсэл хурдацтай шинэчлэгдэн хөгжих тусам хүний мэдрэмж, мэдрэхүйн эрхтнүүдийн идэвхи оролцоо төдий чинээ багасч, хүн төрөлхтний сэтгэхүйн хэлбэр ижилсэн, хүмүүсийн хувь чанар буюу тодруулбал өөр өөрийн онцгой сэтгэх чадвар улам бүр л суларч байгаа юм. Энэ бол дээрх шинэ ойлголтын гол санаа.Өөрөөр хэлбэл, мэдээлэл технологийн энэ эрин зуунд манай дэлхий яг нэг жижигхэн тосгон шиг болж хумигдсаар байна гэсэн үг.
Энэ бол 1980- аад оны үед гарсан ойлголт. McLuhan яг зөв харж чадсан. Түүний ойлголт өдрөөс өдөрт бидний амьдрал дунд батлагдсаар байна.
Өнөөдөр дэлхийн бүх хүн адилхан хувцаслаж, бүгд л Gucci, D&G, CD, LV, Burburry, BCBG、DKNY、CK энэ толгой эргэм брэндүүдийн хувцасыг л хамгийн гоё гэж бодох болсон. Дэлхийн бүх хүмүүс л уламжлалт орон сууцаа голж, хувийн орон сууц хаус юмуу апартментэд амьдрахыг илүүд үзэх болсон. За тэгээд хөгжмийн хувьд ч гэсэн дэлхийн бүх залуучууд л адилхан хамтлагууд шүтэж, адилхан дуунууд л сонсох болсон доо. Товчдоо бол асар их мэдээлийн урсгалд бөмбөгдүүлж, хүчиндүүлсээр ДЭЛХИЙ НИЙТ АДИЛХАН СЭТГЭДЭГ болчихжээ.
........Бүтнээр нь унших..........
Өнөөдөр www.youku.com дээр НТВ телевизийн "Үнэн үү?" Ток шоуг үзлээ. Дуучин Жавхлан оролцжээ. Нэвтрүүлгийн жанарт нийцүүлэх гэж тэгсэн үү эсвэл хөтлөгчийн хувийн тоглолтоос болсон уу энэ удаа Жавхланг барьц алдуулах гэж арай л гар хөл дээр нь халуун кофе асгасангүй. Хөтлөгчийн асуултууд нь ёстой хөх инээд хүргэсэн. Бас тэдгээр ядмагхан асуултанд нь тааруулж Жавхлан ч ядруухан хариулсан шиг санагдсан. Сэтгүүлзүйн үүднээсээ бол нэвтрүүлэг эсвэл нийтлэл нь ямар нэгэн сонин содон шийдэл, имиджтэй байж, бас түүнд нь олон сонсогч, үзэгч, уншигч татагдан, ямар нэг сайн муу эерэг сөрөг хариу үйлдэл үзүүлэх нь маш сайн үр дүн л дээ. Гэвч тоймгүй олон сайт дээрээс Жавхлангийн мууг үзэж, тэнэгийг гайхан бичсэн комментуудыг харсан учир би ч өөрийн бодлоо хуваалцъя гэж бодсон. Үнэндээ бол хөдөөний засрахгүй мулгуй, ном уншдаггүй тэнэг, боловсролгүй дипломгүй бүдүүлэг харанхуй гэж элдвээр гоочилж, янз бүрээр муулаад байгаа тэр хүмүүсээс Жавхланг өмөөрч өмгөөлөх гэсийн. Яг л түүний аав нь ээж нь, ар гэр нь юм шиг.... түүний төлөө өмөлзөх гэсийн.... Дашрамд хэлэхэд хүний олон хүнээ барьж иддэггүй юм....
.jpg)
Жавхлан сайхан эр хүн, сайн дуучин. Ухаантай, бодолтой, хэрсүү, сайхан ч ярьдаг хүн. Агуулгынхаа үүднээс энэ нэвтрүүлгээр өөрийгөө давгүй сайхан илэрхийлсэн гэж би бодож байна. Түүний хурдан удаан ярих нь гол биш ээ. Өөрийнхөөрөө чөлөөтэй тайван ярьж байсан. Тэр хүнийг дуурайж аягласангүй, бусдыг хуулж маягласангүй. Үнэндээ Жавхлангийн үг бүрээс хаанаас ирсэн хийгээд хаашаа яаж явахаа мэддэг, өөрийнхөө дотоодод бага ч гэсэн нэвтэрсэн эгэл монгол эр хүний энгүүн сайхан ухаан мэдрэгдэж байсан.
Диплом өвөртөлсөн хүн болгон өндөр боловсролтой, бусдын төлөө өөрийн биеийг дайчилж чадах "сайн" хүн байдаг юм биш ээ. Хэрэв чи олон сургууль дүүргэсэн олон дипломтой болгоныг "сайн" хүн байх ёстой гэдэгт гар өргөж байгаа бол өнөөдөр энэ эх орон чинь, энэ гэр орон чинь ямархуу байдалтай байгаад хараад нэг үзээрэй. Харин ч надад заримдаа тэр дипломтой мэргэд чинь л улс орон ард түмнийг хойш татаж байгаа мэт санагддаг юм шүү.
3 сая хүрэхгүй хүнээ хүний дайтай амьдруулж чадахгүй, улс орноо улсын дайтай аваад явж чадахгүй байгаа арчаагүй хоосон толгойтнууд 76 суудал дээр чинь ангайж идэж, алцайж хэвтэж байна. "Нарантуул"-ын Сайхансамбуу гэж сайхан нэртэй панзчин хүртэл эдийн засгийн магистр юмуу доктор гээд л Их Хуралд чинь нэрээ дэвшүүлж, жирийн олны хормой хотноос саасан бохир мөнгөөрөө дээшээ гараад суудал бузарлаж, бүх ард түмэн яг өөртэй нь адилхан баян тансагт умбан байгаа мэт жаргалтай инээмсэглэл тодруулан суугаа нь үнэн биз дээ. Юу хийсийн? Хүний урманд төрсөн хүүхдүүдээ ч олигтой хүн болгож чадаагүй энэ мэт эрхэм хүмүүс таны болон таны хүүхдийн төлөө, цаашлаад эх орны ирээдүйн хөгжлийн төлөө юу хийж чадах юм? Сайхансамбуу гуайн сайхан хүү нь монголд 1 литр бензиний үнэ 100 доллар болохыг хүлээгээд сууж байна гэхийг нь хавийн улс амьтан чихээр сонссон байна билээ. Тэр үед Улаанбаатар хотод гав ганцаараа машинтай сүнгэнэх юм байх аа. Тэнгэр бурхан минь. Яасан хар гай вэ? Ямар харалган бодол вэ? Энэ бол жинхэнэ солио, хийрхэл, "Диплом"-той тархины тураал. Өнөө алдарт монголч эрдэмтэн доктор гэгддэг Япон эмэгтэй Кимүра Аяакогийн хичнээн их идэж уусан ч бүр нэг идэж уусан шинжгүй Монголын урт ходоодтонгууд, алт мөнгө хичнээн ихээр нь хараад бүр хармайлсан ч нүд нь өөхөлдөггүй цэхэр хараатнуудын тухай бичсэн "Тархины тураал" нэртэй нийтлэлийнх нь онож хэлсэн ганц сайхан дүрслэл санаанд буучихлаа байна.
Тийм байтал яалаа гээд зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах гэсэн аавын хүү, сайхан монгол эр хүн эгэл ардын хүү санаж сарвайгаад хүрдэггүй тэр өндөр сэнтийд нь гарч үгээ хэлж болдоггүй юм?
.......цааш нь унших.........
Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”
Нэгдүгээр бүлэг
Арьс нь гуужсан могой
La Mue Du Serpent
Шанхайн Пүдун шинэ дүүрэг
Шэнь Жэнь – Хятадын “Манчестер”
Тогоруу юу? Луу юу?
Адуу шиг хурдлах эрсдэл...
Золагийн хятад хэл дээрх хувилбар
Мөхөл......Хөгжил......чшшшшш..!
Баавгай эсвэл үхэр...
Урт аянаа үргэлжлүүлэх нь
Нэгдүгээр бүлгийн дүнгэлт
1990 оны намар, Францын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Франсуа Периго (François Perigot) Шанхай хотын урилгаар Пүдун шинэ дүүргийн барилгын талбай дээр хүрэлцэн очиж, тэндхийн барилга инженерийн ажилтай танилцах болсон юм. Явах зам нилээд урт, бас хотын дундуур урсах Хуан Пү (黄浦江) мөрнийг гатлах нь хялбар биш тул, машинаар заавал тойрч явна. Шавар шавхай, энхэл донхолтой замаар явж байж Шанхайн ирээдүйн “Шинэ дүүрэг”-т хүрэх юм гэж уригч талынхан урьдчилан санууллаа.
Аялалын замд ерөнхийлөгчийг дагалдан явсан сурвалжлагч болон бизнесмэнүүд цагийн зөрүүнээс болж ядрахдаа машины дуунд хүч нэмэн хамар татацгаан унтана. Хоёр цагийн дараа бид асар том хоосон талбайд ирэх нь тэр. Энд тэндгүй шавар шалбааг, шороон зам, тэр ч бүү хэл үр тариа найгасан тариан талбай ч харагдлаа. Хэдэн трактор тэнд газар тэгшлэх аж. Мөрний цаад эрэгт сүндэрлэн байх 20, 30 –аад оны хуучин барилгууд тэдний хотын захиргаанаас ердөө хэдэн зуухан метрийн цаана байх нь холоос харагдлаа. Энэ нь биднийг “Дорнын Парис”-т зогсож байгаагаа дахин нэг санахад хүргэсэн юм. Хятадын талын нэгэн хүн бидэнд тайлбарлаж: “Энд бид Пүдун –ыг байгуулах юм. Шанхай өргөжин тэлж, энэ бүс нутаг хийгээд бүх Хятадын санхүү, эдийн засгийн төв болох юм. ” гэдэг юм байна. Нилээд нухацтай тайлбарлахын тулд энэ залуу ажилтан бидний хэдэн төлөөлөгчдөөс барилгын талбайд байх жижигхэн модон байшинд орохыг хүслээ.
Авсаархан энгийн энэ байшинд асар том хэмжээтэй 3 макет байх юм. Эхнийх нь “Шанхай 1995”. Хуан пү мөрний эрэгт, хуучин дүүргийн эсрэг талд жинхэнэ “Манхетон” гэмээр том том байшин барилга сүндэрлүүлэн хийж. Хоёр дах макет нь “Шанхай 2000”. Эхний “Манхетон” хүүхэд төрүүлчихэж гэлтэй. Дөрвөн шинэ “Манхетон”. Гуравдахь макет хэлбэр хийц, хэмжээ домжоогоороо бидний анхаарлыг эрхгүй татлаа. Өнөө залуу ч толгой эргэж, нүд эрээлжилмээр олон тоо баримт, төсөл хөтөлбөрийн тухай ярьж гарлаа. “Бидний хот дэлхийн хамгийн том боомт болно. Дэлхийн санхүүгийн төв болж ч магадгүй” гэж бидний хэн нэгний чихэнд сонстох шиг боллоо.
“Бардам ам, шалдан гуя” тэдний ярианд эргэлзсэн нэгэн франц бизнесмэн сэтгүүлчид сэм хэлж байх юм. Бизнесмэн Пүдуны тухай хамгийн анх сонсч буй нь энэ юм. Бас хамгийн сүүлчийнх нь гэж тэр бат итгэнэ ээ. Учир нь маш олон ядуу улс орон үүн шиг том том, сайхан төсөл баталчихаад хэрэгжүүлж эхлээ ч үгүй байхдаа шантраад орхиж байсныг тэр нүдээрээ олонтаа харсан билээ. Энэ бол түүний хувьд зүгээр л “Хаадын сэрүүн зүүд”, хэзээ ч хэрэгжих боломжгүй зүйл. Alstom, Aerospace, Citroen компаниудын төлөөлөгчид ч энэ талаар түүнтэй санал нэг байлаа.
2003 оны 12 дугаар сар, 13 жилийн дараа Францын Ган төмөрлөгийн компаний захирал асан бөгөөд Францын Сангийн яамны сайд Francis Mer хэдэн бизнесмений хамтаар Шанхайн Пүдуны олон улсын нисэх буудалд газарджээ. Герман нөхдүүд тэдэнд дэлхийн хамгийн хурдан галт тэрэг барьж өгчээ. Нүүр царайгаа бүрэн сольсон Шанхай хот хамгийн орчин үеийн нисэх буудлаа галт тэргэний замд холбосон байх ажээ. “7 минутанд 35 километр гэнэ ээ ! Цагт 300-400 киломерт хурдлана гэсэн үг. Энэ чинь Францын өндөр хурдны галт тэрэгнээс хэд дахин хурдан байх нь” гэцгээнэ. Замын баруун талд, өндөр байшин барилга сүндэрлэн, өргөгч Кранууд энд тэндгүй дүүжлээтэй. Замын зүүн талд бас л байшин барилгууд, кранууд. Энгийн авто зам, хурдны зам, 6 урсгалтай, бүр 8 урсгалтай замууд хотыг хирсэн байх юм. Асар том гүүр бас газар доогуурх туннель Хуанпү мөрний хоёр эргийг холбох аж.
.....цааш нь унших......
Орчимд найзууд маань Монголоос шинэхэн цасны мэнд хүргэх боллоо. Тэр тоолонд Шанхайд бороошиж таарахыг яана. Бороотой бүрхэг өдөр, яс тогшсон зэвүүн хүйтэн үеэр гэртээ хурдхан буцаж очоод, дотно хайрт хүмүүстэйгээ будаатай цай уунгаа урьд хождын болсон хөгтэй хөөртэй явдлуудаа хуучлаад, дулаахан хөнжилдөө хамраа шургуулан суухсан гэж мөрөөдөнө. Нэгэнт хүний газар гүний нутагт эрдэм сурахаар ирсэн болохоор эндэх жихүүн хүйтнийг урьхан хонгор салхи мэт сэтгэж, фронт руу цаашаа довтлоод л байхаас өөр аргагүй. Хэ хэ.
Заримдаа шантрах үе гарах юмаа. Тэр үед урт сайхан дуунуудаа сонсоно доо. Зөвхөн монгол нутагт унаж, монгол шороон дээр тоглож өссөн хүн л мах цусаараа, элэг зүрхээрээ мэдэрч чадах тэр л аялгуу дуунуудыг... Нэг удаа өрөөний Африк охин Мари маань уртын дуу сонсчихооп, "Сүда,,, Энэ тэгээд дуу юм уу? Яагаад үг хэлэхгүй байгаа юм бэ? " гэж асууж байсан шүү. Хэдийгээр урлаг, тэр дундаа дуу хөгжим хил хязгааргүй эрхэм дээд зүйл хийгээд сонсголтой хэн гуай ч ойлгож чадах ч гэлээ уртын дууны гайхамшгийг бол зөвхөн монгол хүн л мэдэрч ойлгож чадах юм байна даа гэсэн бодол толгойд зурсхийж байсан. Уртын дуу хэдэн мянганы туршид уудам тал нутагт маань зүрхнээс зүрхэнд дамжин шуранхайлагдан ирсэн учир бид түүнийг чихээрээ биш элэг зүрхээрээ сонсох нь аргагүй байх даа.

Хэд хоногийн өмнө "Монгол ардын уртын дуу" нэртэй нэг сайхан ном интернэтээр захиалж авсан юм. Өвөр монголын боловсролын хорооноос эрхлэн гаргасан энэ ном миний өмнө нь худалдан авсан "Монгол ардын дууны 100 бадаг" номыг бодвол хамаагүй олон дуу багтаасан хийгээд Ар, Өвөр монголын уртын дуунуудыг олон хувилбар, үүх түүхийн хамт худан монгол бичгээр хэвлүүлснээрээ нилээд онцлогтой шиг санагдсан.
Би уртын дуунд ухаангүй хайртай. Хархан бага байхын л түүнд бүх сэрэл мэдрэмжээрээ уягддаг байсансан.
Ингэхэд найз минь, чамаас асууя. Уртын дуу сонсохоор чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
Надад ч бас тийм мэдрэмж төрдөг.
Гэвч хамгийн хачирхалтай нь саяхныг болтол зарим уртын дууны үгийг төдийлөн анзаарч байгаагүй байх юм. Тэгэхээр зарим талаар Марийгийн зөв ч байж болох мэт санагдсан. Нээрээ уртын дуунд юу гэж дуулаад байдаг билээ дээ? Золоор ихэнх уртын дуу дууныхаа эхний мөрөөр нэрлэгддэг учир, "Уяхан замбуу тивийн наран" ч юмуу эсвэл "Хүрэн толгойн сүүдэр","Нарийн сайхан хээр" гэх мэтийг цээжээр хэлж чадах хүн олон гарах байх. Гэхдээ уртын дуучдыг тооцохгүйгээр аль нэг уртын дууны үгийг бүтэн мэддэг хүнийг монголоос ол гэвэл эгээ л далайгаас зүү хайх дайны юм болох байх даа. Мөрийцөхөд ч бэлэн байна. Учир нь би ч тэр бүлэгт хамаарагдана шүү дээ.

Энэ ном хэд хэдэн талаараа надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Нэгд би бага ахуйдаа сурч байсан монгол бичгээ сайхан сэргээж байна. Хоёрт нь уртын дууны үгсийг мэддэг болж байна. Гуравт гэвэл монголын хэл соёлын язгуур охь ундрага нь уртын дуунд хадгалагдан байгааг олж мэдлээ. Үнэхээр дээд монгол хэл гэж байдаг бол тэр нь уртын дуун доторх монгол хэл мөнөөсөө мөн байх. Магадгүй зөвхөн уртын дуугаар ч зогсохгүй байх л даа. Эртний шүлэг туульс бүгд л багтана. Гэвч найзууд аа, энэ удаа уртын дууг онцолъё оо.
Манай interculture гэдэг хичээл дээр нэг Герман багш ярьж байсан. Хүн төрөхтний хэл соёлыг High context, Low context-тэй гэж хувааж болох гэнэ. High context -тэй хэл соёл нь агуулга гүн, хэл яриа цөөн байх юм гэнэ. Эсрэгээрээ Low context нь яриа их, агуулга илэрхий бөгөөд гүехэн байхыг хэлдэг бололтой. Би л ингэж ойлгосон шүү. Бурхан минь, үүн дээр гажуутай зүйл байвал засаж залруулаарай та минь.
Магадгүй орчин үеийн монгол хэл соёл Low context бүхий рүү нь бараг орчихсон байх гэж би дотроо бодсон шүү. Үл ойлголцол үүсгэхгүйн тулд, тал засахын тулд, сайшаал хүртэхийн тулд гэх мэт олон зорилгоор өнөөдрийн нийгэмд бид маш олон зүйлийг тайлбарлан ярих хэрэгтэй болсон. Хамгийн инээдтэй нь олон хүн хайраа илчлэхдээ яг чалчигч шиг л, яагаад дурласнаа яриад л... Нээрээ бас сексийн үед ярьдаг зуршилтай хүмүүс ч байдаг...
Та нар анзаарч байсан бол монгол ардын дуу, тэр дундаа уртын дуунууд ихэнх нь хайрын дуу байдаг. Хэдийгээр "Хүрэн толгойн сүүдэр", "Алсын газрын зэргэлээ", "Эр бор харцага" гэж дуулаад байгаа боловч цаана нь үгээр хэлж үзгээр бичишгүй хайрын нандин сэтгэл, дурлалын гэгээн илч нуугдаастай... ... Гэтэл одооны дуунууд ямар билээ дээ? Би чамд хайртай, хайрлаад байхад чинь хайр даахгүй бол больчихъё л доо... хэхэхэ гэх мэт...
Энэ бол Монгол хэл соёл бусад ихэнх соёлуудын адил эмгэнэлтэйгээр High -аас Low context рүү уруудан буйг бэлхнээ харуулж байгаа наад захын жишээ юмуу даа.
За ингээд олон үггүй та нартайгаа эртийн өвгөдийн оюуны охь, уртын сайхан дуунуудаас хуваалцъя...
...... цааш нь унших......
МУ-ын ЗГ-ийн Х гишүүн:“Хятадууд Монголын газрын тосны хайгуулд 500 сая ам доллорын хөрөнгө оруулалт хийсэн ч ашиг тун бага хүртэж байна”

Хятадын Глобал таймс сонин
2009-10-27
Хятадын газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг хамгийн том компани болох Хятадын vндэсний газрын тос, байгалийн хийн компани (CNPC-China National Petroleum Corporation) Монголын газрын тосны хайгуулын салбарт 500 сая ам доллорын хөрөнгө оруулсан ч ашиг тун бага хүртэж байна хэмээн МУ-ын засгийн газрын нэгэн эрхэм гишүүний хэлснийг Ройтерс агентлаг 10 дугаар сарын 26 –нд мэдээндээ иш татсан байна.
Монгол улсын газрын тосны орд газрууд Монгол, Хятадын хилийн бүс нутагт голчлон төвлөрдөг. Тус улс 1997 онд анхны цооногоо амжилттай өрөмдөж, түүнээс хойш 30 гаруй мянган тонн түүхий тос олборлосон бөгөөд бүгдийг нь Хятад руу экспортлосон.
Монгол улс бол Азийн төв хэсэгт оршдог, газар нутаг өргөн, хүн ам цөөн, эдийн засгийн хөгжил муутай улс юм. Тус улсын газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолтын ажил маш доогуур түвшинд явагддаг. Өнгөрсөн зууны сүүлээс л цөөн тооны цооногуудад өрөмдлөг хийж эхэлсэн. Үүнээс өмнө арилжааны өндөр ашиг бүхий орд илрүүлж байгаагүй юм. Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди 2004 оны 7 дугаар сард Хятад улсад айлчлал хийхдээ Хятадын компаниудыг энэ салбарт Монголын талтай хамтран ажиллах санал тавьсан.
.......цааш нь унших.......