\ Green tara : Хятад дэлхийг өөрчлөх үед

Green tara

OM TARE TUTTARE TURE SOHA

Хятад дэлхийг өөрчлөх үед

Бичлэгийн тоо : 3 | Дэлгэцэнд : 1-3

La Mue Du Serpent: 1 Шэнь Жэнь – Хятадын “Манчестер”

2009-12-29 02:14

Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”

Зохиогч: Erik Izraelewicz 
2005.02.02  Франц улс

Нэгдүгээр бүлэг
                                 Арьс нь гуужсан могой
                                    La Mue Du Serpent
    
              

               

                                                   Шэнь Жэнь хот 深圳市
 

Шэнь Жэнь – Хятадын “Манчестер”
Тогоруу юу? Луу юу?
Адуу шиг хурдлах эрсдэл...
Золагийн хятад хэл дээрх хувилбар
Мөхөл......Хөгжил......чшшшшш..!
Баавгай эсвэл үхэр...
Урт аянаа үргэлжлүүлэх нь
Нэгдүгээр бүлгийн дүнгэлт

 

       Өнгөрсөн хэдхэн жилийн дотор энэ жижиг боомт үнэхээр их өөрчлөгдсөн. Бөглүүхэн жижиг суурингаас аж үйлдвэрийн том хот болтлоо хөгжсөн энэ газрыг зорьсон эх газрын мянга мянган ажилчин тариачны цуваа үл тасрах ажээ. Энэ бол яах аргагүй 18 дугаар зууны сүүлчээр Английн Манчестерт болсон аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үеийн дүр зураг юм. Технологи, машин механизмын шинэчлэл хийгдэх болсноор газар тариалан эрхлэлт асар их хөнгөвчлөгдөн, улмаар хөдөө тосгонд сул хөдөлмөрийн хүчин болж хоцорсон тариачид амин зуулгаа залгуулахаар хот сууринг бараадацгаана. Тэд нүүрсний уурхай, оёдлын үйлдвэр болон бусад төрлийн компаниудад хөлсний ажилчин болно. За, чухамдаа Английн эдийн засаг ингэж л босч ирсэн юм. Аж үйлдвэрийн хувьсгалын дараах хэдэн арван жилийн турш тэд л дэлхийн эдийн засагт ноёлох хүчин болж байсан.
          Хоёр зууны дараа дээрхтэй адил тохиолдол Английн колони байсан Хонг Конгийн бөөрөнд орших Шэнь Жэньд болж байна. Шэнь Жэнь 20 дугаар зууны эцэс хүртэл  Жю Лун (九龙半岛) арлын эргийн нэг хөгжил муутай жижигхэн тосгон байсан. 1979 оноос Мао Зэдуны залгамжлагч Дэн Сиаопин Бээжинд хувьсгал эхлүүлэхдээ Шэнь Жэньд 18 дугаар зууны Англид байсантай төстэй механизм ажиллуулж эхэлсэн. Засгийн газар газар тариаланг чөлөөлж, “Эдийн засгийн онцгой бүс”-үүдийг (тэдний нэг нь Шэнь Жень) байгуулж, хувийн бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийн компаниудыг чөлөөт үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжийг олгох болсон. Чухам энэ нь Хятад өндөрт хөөрөхөөр бэлдэж байна гэсэн дохиог дэлхий нийтэд өгсөн юм. Тариаланчдын хоршоолол, хамтралууд задарч татан буугдсан нь газар тариалангийн хөгжлийг шинэ шатанд хүргэж, үйлдвэрлэлийн үр ашиг хийгээд бүтээгдэхүүний гарцыг асар их нэмэгдүүлсэн. Чухам иймээс сул хөдөлмөрийн хүчин бий болж, хөдөө тосгонд газар тариалангаас өөр үйлдвэрлэл явуулах боломж хомс тул тэд аргагүйн эрхэнд хот суурин бараадаж (Хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын нүүдэл үүнээс бий болсон), гар урлал, оёдлын хийгээд бусад үйлдвэрүүдэд ажиллах болсон. Эдгээр үйлдвэрүүдийн ихэнх нь Хонг Конг, Тайвань болон Сингапурын баячуудын барьж байгуулсан шинэхэн үйлдвэрүүд байлаа (Ингэж л аж үйлдвэржилт бий болсон). Хөдөө тосгон ч тэр хот суурин ч тэр илүү олон тооны, илүү чанар сайтай бүтээгдэхүүн гаргах болж, ард иргэд хотын хөгжлөөс ашиг хүртэж (Энэ бол хотжилт), тэдний амьжиргааны түвшин дээшилж, амьдралын чанар сайжирсан. Хуучин муу арьсаа гээж, шинэ ганган арьсаа гайхуулах эх могой шиг л, Хятад энэ хувьсгалаар эдийн засгийг нь 30 жилийн турш хүлж боомилж байсан төвлөрсөн төлөвлөгөөт систем хэмээх урт бөх олсыг нэг мөр тас татан хаяж, эдийн засгаа чөлөөлсөн. 25 жил буюу 1/4 зууны охор богино хугацаанд Хятадад үнэхээр могойн арьс гуужих бүхэл бүтэн процесс явагдсан. Эхлээд тэнд аж үйлдвэрийн хувьсгал болж, харин дараа нь дунд хөрөнгөтний давхрага бий болж, хүмүүс нийтээр баяжиж эхэлсэн. 
             Шэнь Жэнь бол энэ хувьсгалын бэлэг тэмдэг. Ердөө 25-хан жилийн дотор шүү дээ.

..........Цааш нь унших............

Нийтэлсэн : White pearl | Уншсан (81) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

La Mue Du Serpent: Хятадын өөрчлөлт буюу арьс нь гуужсан могой

2009-12-09 19:42

Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”

Нэгдүгээр бүлэг
                          Арьс нь гуужсан могой
                           La Mue Du Serpent
       

                                    
                          Шанхайн Пүдун шинэ дүүрэг


Шэнь Жэнь – Хятадын “Манчестер”
Тогоруу юу? Луу юу?
Адуу шиг хурдлах эрсдэл...
Золагийн хятад хэл дээрх хувилбар
Мөхөл......Хөгжил......чшшшшш..!
Баавгай эсвэл үхэр...
Урт аянаа үргэлжлүүлэх нь
Нэгдүгээр бүлгийн дүнгэлт

          1990 оны намар, Францын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Франсуа Периго (François Perigot) Шанхай хотын урилгаар Пүдун шинэ дүүргийн барилгын талбай дээр хүрэлцэн очиж, тэндхийн барилга инженерийн ажилтай танилцах болсон юм. Явах зам нилээд урт, бас хотын дундуур урсах Хуан Пү (黄浦江) мөрнийг гатлах нь хялбар биш тул, машинаар заавал тойрч явна. Шавар шавхай, энхэл донхолтой замаар явж байж Шанхайн ирээдүйн “Шинэ дүүрэг”-т хүрэх юм гэж уригч талынхан урьдчилан санууллаа.
           Аялалын замд ерөнхийлөгчийг дагалдан явсан сурвалжлагч болон бизнесмэнүүд цагийн зөрүүнээс болж ядрахдаа машины дуунд хүч нэмэн хамар татацгаан унтана. Хоёр цагийн дараа бид асар том хоосон талбайд ирэх нь тэр. Энд тэндгүй шавар шалбааг, шороон зам, тэр ч бүү хэл үр тариа найгасан тариан талбай ч харагдлаа. Хэдэн трактор тэнд газар тэгшлэх аж. Мөрний цаад эрэгт сүндэрлэн байх 20, 30 –аад оны хуучин барилгууд тэдний хотын захиргаанаас ердөө хэдэн зуухан метрийн цаана байх нь холоос харагдлаа. Энэ нь биднийг “Дорнын Парис”-т зогсож байгаагаа дахин нэг санахад хүргэсэн юм. Хятадын талын нэгэн хүн бидэнд тайлбарлаж: “Энд бид Пүдун –ыг байгуулах юм. Шанхай өргөжин тэлж, энэ бүс нутаг хийгээд бүх Хятадын санхүү, эдийн засгийн төв болох юм. ” гэдэг юм байна. Нилээд нухацтай тайлбарлахын тулд энэ залуу ажилтан бидний хэдэн төлөөлөгчдөөс барилгын талбайд байх жижигхэн модон байшинд орохыг хүслээ.
          Авсаархан энгийн энэ байшинд асар том хэмжээтэй 3 макет байх юм. Эхнийх нь “Шанхай 1995”. Хуан пү мөрний эрэгт, хуучин дүүргийн эсрэг талд жинхэнэ “Манхетон” гэмээр том том байшин барилга сүндэрлүүлэн хийж. Хоёр дах макет нь “Шанхай 2000”. Эхний “Манхетон” хүүхэд төрүүлчихэж гэлтэй. Дөрвөн шинэ “Манхетон”. Гуравдахь макет хэлбэр хийц, хэмжээ домжоогоороо бидний анхаарлыг эрхгүй татлаа. Өнөө залуу ч толгой эргэж, нүд эрээлжилмээр олон тоо баримт, төсөл хөтөлбөрийн тухай ярьж гарлаа. “Бидний хот дэлхийн хамгийн том боомт болно. Дэлхийн санхүүгийн төв болж ч магадгүй” гэж бидний хэн нэгний чихэнд сонстох шиг боллоо.
        “Бардам ам, шалдан гуя” тэдний ярианд эргэлзсэн нэгэн франц бизнесмэн сэтгүүлчид сэм хэлж байх юм. Бизнесмэн Пүдуны тухай хамгийн анх сонсч буй нь энэ юм. Бас хамгийн сүүлчийнх нь гэж тэр бат итгэнэ ээ. Учир нь маш олон ядуу улс орон үүн шиг том том, сайхан төсөл баталчихаад хэрэгжүүлж эхлээ ч үгүй байхдаа шантраад орхиж байсныг тэр нүдээрээ олонтаа харсан билээ. Энэ бол түүний хувьд зүгээр л “Хаадын сэрүүн зүүд”, хэзээ ч хэрэгжих боломжгүй зүйл. Alstom, Aerospace, Citroen компаниудын төлөөлөгчид ч энэ талаар түүнтэй санал нэг байлаа.
          2003 оны 12 дугаар сар, 13 жилийн дараа Францын Ган төмөрлөгийн компаний захирал асан бөгөөд Францын Сангийн яамны сайд Francis Mer хэдэн бизнесмений хамтаар Шанхайн Пүдуны олон улсын нисэх буудалд газарджээ. Герман нөхдүүд тэдэнд дэлхийн хамгийн хурдан галт тэрэг барьж өгчээ. Нүүр царайгаа бүрэн сольсон Шанхай хот хамгийн орчин үеийн нисэх буудлаа галт тэргэний замд холбосон байх ажээ. “7 минутанд 35 километр гэнэ ээ ! Цагт 300-400 киломерт хурдлана гэсэн үг. Энэ чинь Францын өндөр хурдны галт тэрэгнээс хэд дахин хурдан байх нь” гэцгээнэ. Замын баруун талд, өндөр байшин барилга сүндэрлэн, өргөгч Кранууд энд тэндгүй дүүжлээтэй. Замын зүүн талд бас л байшин барилгууд, кранууд. Энгийн авто зам, хурдны зам, 6 урсгалтай, бүр 8 урсгалтай замууд хотыг хирсэн байх юм. Асар том гүүр бас газар доогуурх туннель Хуанпү мөрний хоёр эргийг холбох аж.

.....цааш  нь унших......

Нийтэлсэн : White pearl | Уншсан (57) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

“Хятад дэлхийг өөрчлөх үед....” "Quand la Chine Change le monde" Erik Izraelewicz

2009-11-26 00:56

Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”

 

        

Зохиогч: Erik Izraelewicz 
Эдийн засгийн ухааны доктор
2005 оны 2 дугаар сарын 2 нд Франц улсад хэвлэгдэв.

        “Хятад алив бүхнийг бүдэгрүүлж сааралтуулдаг ч зурвасхан гэрэл байсаар байна. Түүнийг эрж ол.” Паскаль “Idea”

         Урьдын л нэгэн адил зул сарын модны доор бэлэг овоорч, халуун ам бүлээрээ цугларч бас нэгэн оныг хамтдаа үдэх боллоо. Хүн бүр тэсэлгүй өөр өөрийн бэлгийг задлахаар яарцгаав. Бяцхан Лафейрт оногдсон бэлгийн хайрцагнаас өнгө алаглан гялалзах модон галт тэрэг гарч ирлээ. Түүний үел ах Грегой хайрцагнаас газрын теннисийн хамгийн хөнгөн цохиурын тухай нийтэлсэн залуусын сэтгүүл гаргалаа. Агнес эгч тэнд зөөврийн компьютер хэрэглэх заавар нухацтай уншин сууна. Аав харин шинэ DVD тоглуулагчаа ажиллуулахаар оролдоно. Ээж болохоор баяртай нь аргагүй кашмер нөмрөгөөр биеэ ороож нэг үзнэ...... Урьд жилүүдийн зул сарын баяртай адилхан биш байна гэж үү? Огтхон ч адил биш. Энэ зул сарын баяр манай гэр бүлийн хувьд бас бусад франц айлуудын хувьд онцгой их “Хятаджсан” баяр боллоо. Тоглоом, теннисийн цохиурнаас өгсүүлээд зөөврийн компьютер, нөмрөг гээд бүх л бэлгэн дээр “Хятадад үйлдвэрлэв” гэж бичээстэй байх юм. Зул сарын модон доор өрөөстэй бүх бэлэг сэлтүүд, модон дээр өлгөөстэй тоглоом чимэглэлүүд,  жижигхэн санта өвөө гээд л бүгд Хятадынх, тэр ч бүү хэл энэ мод ч хүртэл Хятадынх.
           Энэ зул сарын баярын өмнөх 2004 он бол Францын засгийн газар “Хятадын соёлын жил” зарласан жил юм. Гэсэн хэдий ч Францад “Дундад улс” гэсэн дардасын мөр аль эрт тод үлдсэн. Манай засгийн газар соёлын жилийн хүрээнд маш олон арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал: Эффелийн цамхагийг улаан өмсгөлөөр чимэх, Жан-Мишель Жарр (Jean-Michel André Jarre) Бээжингийн Хориотой хотод тоглолт явуулсан гэх мэт. Үүнтэй зэрэгцээд Хятад хэмээх нэгэн шинэ улс хүчирхэгжин, аж үйлдвэржсэн том гүрэн болж байгааг
олон үйл явдал Франц хүмүүст ойлгуулсан юм. Хятадын сансрын хөлөг дэлхийн тойрогт замд орж, Хятад улс сансрын уудмын шинэ гишүүн боллоо. Афины олимпид алтан медалийн тоогоор тэргүүлж, дэлхий дахинд биеийн тамир спортын том улс гэдгээ харуулсан. Францын Матигнон их гудамжинд Хятад зураачдын үзэсгэлэн гарч, Хятад дэлхийн урлагийн бүтээлийн зах зээлд өөрийн нөлөөгөө улам бүр дээшлүүлж байгаагаа баталлаа. Хамгийн сүүлд, Францын THOMSON компаний өнгөт телевизийн салбарыг Хятадын Гуандун TCL компани худалдан авлаа. Эдгээр нь Хятадын эдийн засгийн өсөлт хөгжлийг хүмүүст үнэхээр мэдрүүлсэн юм.
         Энэ 2004 онд хэд хэдэн чухал үйл явдал болсон нь :
         Хятад гэсэн гарчиг Францын сонингуудын эхний нүүрэнд тавигдах нь нэгэнтээ тохиолдлын хэрэг биш болж,  хүмүүсийн өдөр тутмын амьдралд
хятадын нөлөө үлэмж ихссэн гэж хэлж болно. Францын худалдааны дээд сургууль (HEC)-ийн хашаанд, Бүгд найрамдах Хятад ард улсаас ирсэн хэдэн арван залуу боловсон хүчин капитализмын удирдлагын дэвшилтэт технологи сурч, Марсельд хүрээгээ тэлж байгаа “Хятад хотхон” (China town) зарим жижиг худалдачдыг түгшээж эхэллээ. Парисын Осман гудамжины том дэлгүүрүүдэд хятадын сэргэлэн залуус Азийн өөр нэгэн хүчирхэг улс Японы худалдаачидтай эн зэрэгцэн худалдан авагчдыг хуйлруулж, Lafayette дэлгүүрт бүр хятад хэлтэй худалдагч нар үйлчлэх болжээ. Францын бүх л эцэг эхчүүд үр хүүхдээ Кунзын бас Мао Зэдуны ярьдаг байсан тэр л хэл сургахыг хүсэх болж, мөн Бээжин, Шанхай, Гуандун хэдийнээ Францчуудын гол маршрут, аялалын халуун цэг болоод байна гэж аялал жуулчлалын агентлагууд шуугих боллоо.
          Хятад
үнэхээр мода болчихож. Гэхдээ зүгээр нэг мода биш шүү. Үнэндээ дээрх үзэгдлүүд   21 дүгээр зууны зөгнөл болж байна. Магадгүй 21 дүгээр зууныг бүхэлд нь хамрах эдийн засгийн чухал үйл явдлыг ч зөгнөн байж болох : Хятадын эдийн засгийн чадвар өдрөөс өдөрт наран мэт мандан дэвжиж, дэлхийн эдийн засгийн тавцан дээр гол нөлөө үзүүлэх болно. 
          1973 онд Голлист засгийн газрын сайд агсан Alain Peyrefitte “Хятад нойрноос сэрэх үед” (Quand la Chine s'éveillera…) номоо хэвлүүлж байсан. Өнөөдөр эгээ л нэг аварга луу нойроосоо хэдийнэ сэрээд тэндэх тэнгэрийг ороон үзэгдэх мэт. Mitterrand ерөнхий сайдын зөвлөх асан Alain Boublil 1997 онд “Хятадын зуун” (Le siècle des Chinois) нэртэй номоо хэвлүүлсэн. Одоо эдгээр зөгнөлүүд биелээд бүр нүдэнд илэрхий харагдах боллоо. Бодот амьдрал дээр, эдийн засгийн асар том үйл явдал хийгээд
агуу түүхэн том цаг үеийн хувьд “Шинэ зуун” гэдэг цаг тооны бичиг дээр бичигдсэнээр тооцогддоггүй юм. Энэ үүднээс авч үзвэл 1979 он бол эргэлзээгүй 21 дүгээр зууны эхлэл байсан юм.
           Яг тэр жил, хоорондоо огт төсгүй хоёр их хүн дэлхийг зэрэг донслогосон. Тэд бол Маргарет Тэтчер болон Дэн Сиаопин нар юм. 20 дугаар зууны сүүлчээр гарч ирсэн энэ хоёр их удирдагчдад ижил төстэй зүйл үнэногт байхгүй. Нэг нь дэлхийн хамгийн анхны ардчилсан улс – Нэгдсэн вант улсад төрсөн. Нөгөө нь дэлхийн хамгийн эртний төрт улс – Хятадад төрсөн. Тэтчерийн улсад 18 дугаар зууны эцэст аж үйлдвэрийн хувьсгал гарч, түүнээс хойш урд удаан хугацааны турш дэлхийн хамгийн баян улсад тооцогдож байсан. Харин Дэн Сиаопины улсад байдал огтхон ч тийм биш. Тэнд аж үйлдвэрийн жинхэнэ хувьсгал өрнөөгүй. Тэд бол эмгэнэлт “Соёлын хувьсгал”-аа дөнгөж туулан гарч ирсэн дэлхийн хамгийн ядуу улс орны нэг. Тэтчер бол төмөр хатагтай. Уламжлалт хуучны үзэл баримтлал бүхий ясны хатуу Англи эмэгтэй. Жижиг биетэй, намхан нуруутай Дэн Сиаопин бол Хятадын Коммунист намын дээд удирдагч. 1978-1979 оны хооронд тэд өөр өөрийн улсынхаа удирдах эрх мэдлийг гартаа авч, дэлхийн эдийн засгийг “Шинэ үе”-рүү оруулах их ажлаа эхэлцгээсэн юм.
          Тэтчер, Дэн Сиаопин нар яг нэг уриа дэвшүүлсэн юм. Энэ бол Франсуа Гизогийн “Баялагийг бүтээцгээе” гэсэн уриа байсан. 1979 онд тэд өөр өөрийн ард түмэндээ энэ талаар маш тодорхой чиглэл өгч, баялагийн төлөө бүгд нэгдэх ёстой гэсэн мессэжийг тарааж эхэлсэн.

........Цааш нь унших.........

Нийтэлсэн : White pearl | Уншсан (151) | Сэтгэгдэл ( 7 ) | Дэлгэрэнгүй