Green tara

OM TARE TUTTARE TURE SOHA

Шүлэг мөн биш гэж битгий шүү, зөвхөн миний зүрхний дуулалыг сонсооч.

2009-10-11 23:23

            Нэг найз маань шүлэг бичдэг. Маш сайн бичдэг. Бас нилээд хэдэн шүлэг нь дуу ч болсон бий. Найз маань миний зүрхний дуулалыг уншиж үзээд шүлэг биш гэсэн. Тиймээс би зүрхний дуулал гэж нэрийдсэн юм. Шүлэг мөн биш гэж битгий шүүгээрэй. Зүгээр л миний зүрхний дуулалыг сонсооч.

         Найз минь чамдаа шүлэг биш гэсэнд баярласан. Эс бөгөөс зүүрхний дуулал гэдэг нэр толгойд минь орж ирэхгүй нь байлаа шүү.

                                    

  
            Чиний амьдрал, чиний л үнэн


Хэний ч хүрээгүй оргилд хүрэхсэн гэж бүү шанал
Зүгээр л зөнгөөрөө амьдар, чи өөрөө оргил
Хэний ч олоогүй замаар явахсан гэж бүү улайр
Зүгээр л тааваараа амьсгал, чи өөрөө зам


Өөрийнхөөрөө л дуул
Өөрийнхөөрөө л бүжиглэ
Өөрийнхөөрөө л хайрла
Өөрийнхөөрөө л амьдар

Хэний ч эдлээгүй эрдэнийг эдлэхсэн гэж бүү шуна
Зүгээр л байгаагаараа яв, чи өөрөө эрдэнэ
Хэн ч сураагүй эрдмийг сурахсан гэж бүү мөчөөрх
Зүгээр л энгүүнээр замна, чи өөрөө эрдэм

Хэний ч хайрлаагүйгээр хайрлахсан гэж бүү тачаад
Зүгээр л өөрийнхөөрөө бай, чи их хайр
Хэнээс ч гарахгүй эр зоригийг гаргана гэж бүү тэнэглэ
Зүгээр л мөн чанараараа орш, чи эр зориг
                            

                             Аавдаа

Нэг л өглөө аав та минь яваад өгсөн
Нэг их гуниг л зүрхэнд минь үлдсээн
Хэзээ ч ирэхгүйг чинь ухаарахгүй байсан
Хүнээс ичээд уйтгартай царайлсан

Инээд дүүрэн гэр минь ханхайсан
Ирсэн бүхэн эмгэнэл илэрхийлсэн
Эцэг чинь сайн хүн байсан шүү гэж
Эрээн цаасан мөнгө сарвайсан

Ангийн хүүхдүүд аавгүй гэж шоолсон
Аавгүй юм даа гэж багш өрөвдөж өмөөрсөн
Амьтны нүдний хог болгов гэж танд гомдсон
Алаг хорвоо ааруул шиг хатуу гэдгийг ойлгосон

Он жил алсрах тусам аав таны царайг мартсан
Охин үр нь ухаан бие гүйцэж хадамд гарсаан
Хэвлийгээс нойтон сормуустан унаж эх болгосон
Хүний хүүд эрийн чадлыг суулгаж эцэг болгосон ч
Хорвоо хоосныг мэдэхгүй биш амссан болохоор
Хүний орчлонд аав тантай адил мөртэй явахсан гэж
Хүүхэн хүслээ орхиод эрийг биш эрдмийг дагасан ч
Хэзээ тан шиг уул болохоо мэдэхгүй л юм даа үр чинь


        Дүүдэй минь

Цахиур нь загатнахдаа хурууг минь хазсан ч
Цэвэрхэн чи минь ирж, эгчийгээ баярлуулсан
Чихэр булаацалдаж муудалцсан ч гэлээ хоёулаа
Чин зүрхэндээ нэгрүүгээ тэмүүлдэг хэвээрээ


Зулзган ангир дүүдэй минь дээ хөө
Зулай дээр чинь гишгэж төрсөн билээ би
Миний хонгорхон дүүдэй минь дээ
Мөөмөө харамлаж уйлж байсан, чамаасаа

Тоглоомнуудаа нууж чамайг шоглодог байсан ч
Тормогор чи минь ирж, эгчийгээ баярлуулсан
Тулга тойрч гүйлдээд өвгөдийн уурыг хүргэсэн ч
Танхил сэтгэлдээ нэгийгээ өмөөрдөг хэвээрээ

Ээжийн өвөрт эрхлэхэд чинь чимээгүй атаархдаг ч
Эвий дүү минь чи ирж эгчийгээ баярлуулсан
Эхийн бүрсэн таргийг асгаж эмээд зэмлүүлэсэн ч
Ижил хонгор бодолдоо нэгэндээ өмөлздөг хэвээрээ

                           Үлэмжийн... ...


Амьдрал гэдэг ухааных юм
Алдаж онох нь заяаных юм
Алд бие чинь хэврэгхэн юм
Алаг энэ хорвоо хоосон юм

Хайр гэдэг сэтгэлийнх юм
Хагацал гэдэг төөргийнх юм
Хүний энэ бие хугацаатай юм
Хорвоо гэдэг хуурамчхан юм

Дурлана гэдэг зөнгийнх юм
Дундуур явах нь санааных юм
Дураар бие чинь зуурдынх юм
Дуулим энэ хорвоо илбийнх юм


                       
                   Хамаг бүхэн хань минь

Өглөөний наран шиг гэгээн чи минь
Өр зүрхний минь дуулал юм шүү
Итгэлийн чинь очинд ариусч баяслаа
Ингэн сэтгэлийг минь хөглөгч минь ээ

Тэргэл саран шиг тунгалаг чи минь
Тэнгэрээс буусан од минь юм шүү
Дурлалын мананд зүрх минь төөрлөө
Дундуур бүхнийг дүүргэгч минь дээ

Талын салхи шиг анхил чи минь
Танхил насыг минь гижигдсэн эрвээхэй
Хайрын шүүдэрт сэтгэл минь дэвтлээ
Хамаг бүхэн чи минь юм шүү дээ

      

                    Хондойхой

Энгэрээс унасан эрвээхэй
Энэ биеийн минь тасархай
Сэвлэгээс нь сүү үнэртдэг
Сэргэлэн хонгор үр минь


Хормойноос унасан хондойхой
Хоёр сэтгэлийн нэгэн нар
Хонгоноос нь уураг үнэртдэг
Хөөрхөн алаг бөмбүүлэй

Аминаас ургасан үрээнээ
Аав эжийн чандмана эрдэнэ
Эрхийнээс нь бурам үнэртдэг
Эвий дээ муу зулзага минь

Багахан гараараа мөөмөө гэж тэмтэрсэн
Балчир амьтан шүү дээ чи минь
Зөөлөн хошуугаараа гарыг минь үнэрлэсэн
Зүггүй монди шүү дээ үр минь

                

                      Тэлмэн жороо

Хурдан жороо мориороо
Хатируулан давхина аа хөө
Хүний жаалхан чамдаа
Хүрээд очно оо хүү чинь

Тэлмэн жороо хүлгээрээ
Тэмүүлэн тэмүүлэн хатирана
Тэртээх амраг чамдаа
Тэгсгээд мөдгүй хүрнэ ээ

Алаг жороо мориороо
Ар халхыг туулна аа хөө
Алсын хонгор чамдаа
Арван хоногтоо очно оо


                       Улаан даашинз

Хүүхэд байхдаа өмсдөг байсан улаан даашинз минь
Хүн бүхэн өхөөрддөг байсаан тэр л даашинзыг минь
Нялх балчирын үнэр нь хэвээрээ улаан даашинз минь
Нэг л мэдэхэд таарахаа байсан хөөрхөн даашинз минь

Охин байхдаа чамаар гоёдог байсаан, даашинз минь
Оддын дунд чамтайгаа бүждэг байсан, санаж байна уу?
Хонгор багын минь чимэг чи л байсан, мэдэж байна уу?
Хадамд гарахдаа чамайгаа орхиод явсан, уучлаарай

Аавын хүүхний гоёо байсан шүү улаан даашинз минь
Ахиад надад гоморхох хэрэггүй боллоо доо чи минь
Улаахан хацартай жаалхан охинд минь чи лав таалагдана
Удахгүй тэр минь бүсгүй болоход чи бид дахиад л хамт аялана .

Цэцгэн дурсамжууд минь ханхалсаан чамаас
Дэрсхэн багын минь улаан даашинз
Сүүтэй дурсамжууд минь үнэртсээн чамаас
Хархан багын минь улаан даашинз


2009 он 07 сарын 19 өөс 20 нд шилжих шөнө

Ангилал : Миний үнэн миний худал | Нийтэлсэн : White pearl | Уншсан (119) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. buukaa :
    2010-01-30 22:00

    saihan shuleg bn daa

  2. magaad :
    2010-01-07 14:33

    chinii l amidral chinii l unen. Bas miniih. Oorooroo baihad zorig heregtei l bolood baihiimdaa

  3. tomot :
    2009-12-10 15:29

    Аавдаа, дүүдэй минэ хоёрыг нь уншаад нульмас унгачихлаа. баярлалаа

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.