Green tara

OM TARE TUTTARE TURE SOHA

Би мөрөөдөж байна. Яг Мартин Лютер Кинг шиг... I have a dream

2009-11-04 03:18

           Би мөрөөдөж байна. Яг Мартин Лютер Кинг шиг...

                    

           Мартин Лютер Кинг 1963 онд "Би мөдөөдөж байна" илтгэлээ тавьж байхдаа...

         Би гэдэг хүн өнөөх хямралын гэгдэх үед УБ хотод өсөж төрсөн жирийн нэг иргэн. Бас өөрийгөө боловсролын системийн гажуудалд өртсөн үлгэр жишээ хэлмэгдэгч гэж боддог. Яагаад гэхлээр биднийг сургуульд ороход хуучин босоо монгол бичгийг нийтээр дэлгэрүүлнэ гээд А үсгийг монгол бичгээр зааж эхэлсэн. Хамгийн эхний монгол бичигтэн ангийн бид хамгийн сүүлчийн пионерууд байсан юм. Тэгээд хэд хэд анги үсрээд, бас нэг удаа анги доошилж ч үзсэн. Ингээд нийт сурсан жилээ тооцоод үзвэл ердөө 7 жил. Элэнц хуланцын сайн генийн буянаар бид нийгмийн шалгарал бүхнийг даваад өнөөдөр бусдаас төдий л их ялгарч доош орохгүй явна.  Завсрын үеийнхэн болох биднийг аав ээж ч тоох зав байсангүй. Нийгэм тэр аяараа хямарсан үе байсан шүү дээ. 7 жилийн дотор бүрэн дунд боловсрол эзэмшсэн мундаг хүүхдүүд гэмээр боловч гор нь өнөөдөр гарч ирээд,  юун талх, юун эдийн засаг, юун улс төр, наадам , цагаан сар....бидний толгой өвтгөсөн жинхэнэ асуудал болоод байна. Ямар асуудал мандсан бэ?

    -Номгүй хэлмэгдэгсэд
Бидний үед унших ном  байсангүй ээ. 70 жил болоод бүтээд байсан бүх зүйл үгүйсгэгдсэн байснаас, бас эдийн засгийн хүнд хямрал нүүрэлсэн байснаас биднийг зөв чиглүүлэх хүн байгаагүй юм даг. Мэдээж тэнгэрт хальсан хайрт эмээгээ тооцохгүйгээр. Биднийг гэдэс цатгахын тулд аав минь хөдөө ажилтай, хааяа Эрээн орж бараа дарна, ээж минь хотод хоолны газар ажиллуулна, ажил ихтэй байснаас бүтэн 5 хоног гэртээ ирэхгүй үе ч байсан юм даг. Жаалхан байсан бид томчуудтай шахцалдан картын бараанд очерлодог байснаас биш ном шагайдаггүй байлаа. Гэхдээ огт номгүй байсан гэвэл дэлстүүлсэн хэрэг болно л доо. Би санаж байна. Намайг 5 настай байхад ээж минь надад хүний анатомийн тухай ёстой сайхан хэвлэлтэй шинэхэн ном авч өгч байсан. Тэр үед бас эжий аав маань "Алтан түлхүүр Буратино", "Үүлэн бор" за нэг иймэрхүү номнууд авч өгч байсан шүү. Энэ бол сургуульд орохын өмнөх зүйл л дээ. Үүнээс хойш бол хичээлийн номноос өөр гоё ном ёстой байгаагүй. Байсан ч байж болох. Гэхдээ л бидний ширээн дээр лав байгаагүй. Өө бас санаж байна. 3-4 ангийн үед хичээлээс гадуурх нэг хэвлэл гарлаа. Энэ бол тухайн үедээ манай үеийнхний нууцаар уншдаг байсан "Халуун хөнжил" гэж сонин шүү дээ. Бурхан минь. Миний нэг хайрт эгчийн хүү 3 дугаар анги болчихоод огт уншиж сурахгүй байсан гэнэ. Тэгэхээр нь өвөө нь арга сэдэж, тэр сониныг үзүүлээд байсан гэнэ. Тэгсээр тун удалгүй бүгдийг уншиж сурсан гэдэг шүү.

    -Түүхгүй хэлмэгдэгсэд
Түүхгүй гэдэг нь мөн л өнөө нийгмийн өөрчлөлтөөс өмнө нь итгэж явсан бүх зүйл устгагдаад, бидэнд түүхийг үнэнээр нь мэдэх боломж олдоогүй. Арга ч үгүй биз дээ. Тэр үед бидэнд түүх заах нь битгий хэл өөрсдөө дөнгөж үнэн түүхийн амсарт хамраа шүргүүлж байсан үе шүү дээ. Түүхийн багш нар хэзээ хойно л одоогийн залуучууд цээж дэлдэн хэлдэг өнөө мянганы хүний тухай дугарч байсан санагдана.Түүхээ сайн мэдэхгүйн нэгэн сайхан жишээ бол Монгол орныхоо улс тунхагласны баярыг яг хэзээ гэдгийг улс даяааа мэддэггүй. Үгүй нээрээ, үнэн алж байгаа юм шүү. Монгол улс даяар, тусгаар тогтносон өдрөө 11 сарын 26 гээд байдаг. Үнэндээ энэ чинь үндсэн хуулийн өдөр шүү дээ(1924 он). Бидний тусгаар тогтнолын баяр чинь 7 сарын 11 буюу Ардын Хувьсгалын баяр, бидний Наадам шүү дээ (1921он). Ямар ч хэл дээр гадаадын сайтуудаар хэсээд энэ тухай хялбархан мэдэж болно. Тэд бидний тухай мэдээд байдаг атал бид өөрсдийн тухай мэдэхгүй байгаа нь гутагмшиг.  Улс даяараа, өөрийн тусгаал тогтнолоо 1921 онд зарласнаа бахархалтайгаар үгүйсгэж, өөрийн тусгаар улсын түүхийг 3 жилээр ухрааж байгаагаараа олон улсын доог тохуу, жинхэнэ онигоо болж байгаа юм даа. Олон хятад хүн надаас асууж байсан. Танай тусгаар тогтнолын баяр чинь яагаад жилд хоёр болоод байдаг юм гэж? Гоё шүү. Би хичнээн тэдэнд учирлаад яах юм. Толгойтой бүхэн, тэр ч бүү хэл төрийн тэргүүд нь хүртэл 11 сарын 26 нд зурагтаар зурайж гарч ирээд миний хэлснээс яг өөр юм яриад өгчихөж байгаа юм чинь. Бурхан минь, түүхээ ингэж л мутарладаг улс даа бид чинь. Энэ тухай би 5 жилийн өмнө МУ ын гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн гуайн ярилцлагаас мэдсэн юм шүү.


    -Соёлгүй бичиггүй хэлмэгдэгсэд
За тэгээд өнөө монгол бичигтэн анхны ангийнхан 3 дугаар ангиасаа ч билүү крилл цагаан толгой үзэж эхэлсэн. Ингээд л хамаг балаг буцалж эхэлсэн дээ. Нэг бол анхнаасаа л босоо сайхан бичгээрээ явчилгүй. Дундаас нь жинхэнэ бантан зуурч эхэлсэн нь тэр. Одоо манай үеийнхэн дунд босоо бичгээр бичих нь битгий хэл уншиж чадах нь цөөн. Шинэ монголоор хэлзүйн алдаагүй бичнэ гэж ч бараг байхгүй дээ. Миний бичлэгээс ч үүнийг хялбархан мэдэж болох байх.  Бодоод байх нь шинэ үсгийн хэлзүй энэ тэр чинь хэдэн эрдэмтэн мэргэдийн толгойг одоо ч өвтгөсөөр байгаа мэт. Уг нь яршиг дөө. Дэндүү нарийвчилж хүндрүүлэх шаардлагагүй юм шиг. Бид л гарамгай хэрэглэж, хялбархан ойлгож байх ёстой юм биш үү дээ.  За ингээд л ойд төөрсөн сармагчин адил бидний үеийнхний бичиг үсгийн соёл иймэрхүү түвшинд.

Монголын өв соёлын талаар бол яриангүй Социолизмын бүтээн байгуулалтаар соёлоо нухчин дарсан хүмүүс дөө бид. Бидний үе битгий хэл манай аав ээжийн үеийнхэн энэ талаар паг шүү дээ. Эрх биш ардчилал гарч, шашин шүтэх хийгээд өөрийн зан заншлаа сэргээж болохоор болсон учир Цагаан сар мэт сайхан баяраа тэмдэглэдэг болж, бидний хэдэн хүүхэд энэ мэт ойр зуурхан зүйлээ халтар мултар гадарлаж эхэлсэн билээ. Өө тийм, бас ачит эмээ өвөөгийнхөө буянаар босгон дээр гишгэж болохгүй гэх мэт зарим нэг мухар сүсгийн ч гэмээр юм уу, ямар нэг тайлбаргүй зан үйлүүдийг хагас дутуу сонсож авснаа энд онцгойлон дурдах ёстой.

Сүүлийн 20 жил Монгол орон гадаадаас бараг дахиад нэг улс байгуулчихаар их зээл тусламж авсан. Дахиад авсаар л байх болно. Тусламж, зээлгүй хийсэн зүйл гэж бараг байхгүй гэхэд болно. Тэр нь ч зөв байх. Бах мэлхий хэдэн галвын турш огт өөрчлөгдөөгүй цорын ганц амьтан юм гэнэ билээ гэж нэг хайрт эгч минь ярьдаг юм. Эгээ л түүн шиг энэ улс орон минь ЯАГААД өөрчлөгдөхгүй байгаа юм бэ?  Би үүнийг оюуны харанхуй байдал, ухааны будангуйралтай холбоотой гэж ойлгодог.  Мэдээж сайхныг нь түүгээд харвал саараасаа арай  их байгаа л байх. Гэхдээ л бид арай л нэг биш байна.

Монголчууд бидний аливаад болон бие биедээ хандаж байгаа тэр ухамсар арай бүдүүлэг юм шиг ээ. Хүн нь муу муухайдаа биш гагцхүү мэдлэггүй, юм мэддэггүй маань биднийг харанхуй руу түлхэж байна. Одоо бидэнд бусдын олсон шинэ мэдлэг гэхээсээ илүүтэй юун түрүүнд мартагдсан хуучин мэдлэгүүдээ сэргээн олж авах нь чухал байна. Ядаж хүн чанараа, төрөлх мөн чанараа олж авцгаая л даа. Дараа нь эдийн засаг, технологи бас бусад хөгжлийг төвөггүй олох биз дээ.

Одоо санаанд маань орж ирж байгаа нэг зүйл байна. ҮҮнийг би ЯАГААД гэдэг асуултын дор одоогоос 8 жилийн өмнө юм уу даа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж байсан билээ.
 

                
... ... НОМ БОЛОН НОМЫН САНГИЙН ТУХАЙД... ...

Тэр үед би шинэхэн оюутан байсан. Хичээл хийх тухтай газар олдохгүй болохоор 1 дүгээр хорооллын Нацагдоржийн номын санд нэг хэсэг хичээлээ давтдаг байсан. Номын фонд нь ч тэр , ширээ сандал нь ч тэр бүх зүйл нь их багахан шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа байх. Дараа жил нь хаагдсан санагдаж байна. Тэгээд удалгүй би Төв Номын санд 5000 төгрөгөөр карт нээлгэсэн. 2 удаа яваад л тэгээд дахиж хэзээ ч очоогүй юм даг. ЯАГААД гээч?

-цагийн хуваарь нь дэндүү хатуу. уян биш гэсэн үг.
-номын фонд нь хуучин бөгөөд цөөхөн /орос ном, социолизмын үзэл суртлын ном  ихтэй юм билээ/
-номын хайлт ч хэцүү байсан.
-ширээ сандал нь хуучин, үзэмжгүй
-номын фондны хүмүүс нь тийм тааламжтай харьцаатай биш
-ямар нэг илүү дутуу ном юм уу өөр бусад зүйлтэй орж огт болохгүй.
-номын тоо нь хязгаартай /нэг өдөр 2-3 ном/
-ойр хавьд нь цайлах газар огт байхгүй.

За тэгээд дурдаад байвал их учир жанцантай байсан санагдсан. Би одоогоор хятадаас өөр оронд очиж үзээгүй ч хятад дотроо хэд хэдэн том хотуудад очиж байсан. Тэдний номын сан битгий хэл номын дэлгүүрүүд нь дотор нь ороод байгаад л баймаар тийм гоё ш д. Хүүхдийн номын тасаг нь зүгээр л үлгэрийн хот. Нялх хүүхдүүд ном үзэнгээ тоглоно. Бас номнуудад чөлөөтэй гар хүрч, тэнд үлгэр уншдаг эелдэг эгч нараар үлгэр уншуулна. Ном худалдаж авахгүй байсан ч тэнд би бол хаан. Номын дэлгүүр ихэнх нь үдэш 10-12 үед л хаана ш дээ. Тэр хүртэл чи нэг сайхан булан олж байгаад уншаад сууж болно.  Хэзээ нэгэн өдөр монголдоо ядаж тийм номын сантай болох юмсан гэж мөрөөддөг. Шинийг байгуулж болдоггүй юм аа гэхэд хуучныг сэргээж эсвэл номын хөдөлгөөн зохиож, ном уншдаг хүмүүсийн клуб ажиллуулж, айл бүхэнд байдаг хуучин болон үздэггүй шинэ номнуудыг гэрээр нь очиж аваад цаасны хаягдал болгох биш хуучин номыг засварлах хөдөлгөөн орнүүлж, цоо шинэ номын сан ажиллуулж болно. Мэдээж энэ ажил хүч хөрөнгө, идэвхи хэрэгтэй. Ийм хөдөлгөөнд нэгдэх хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж, олныг хамарч чадна гэж итгэж байна.

Бид өөрсдөө гадаадаас ч ном хандивлагчид олж болно шүү дээ. Тэгээд монголд байхгүй том номын сантай болоод хүүхэд залуус компьютерийн тоглоомын газар биш номын санд хонодог болвол сайхан шүү дээ.Номонд хайртай хүүхдүүдийг өөрсдөөр нь уншсан ойлгосноор нь ном бүтээлгэж, монголын бүх бага сургууль, цэцэрлэг яслид хандивлаж болно.

Миний охин 3 настай. Тэр нийслэлийн тэргүүний цэцэрлэгт явдаг. Гэвч цэцэрлэгт нь ном огт байдаггүй. Би хятад явах бүртээ охиндоо насанд нь зориулсан гоё номнууд, бас сэтгэхүйн тоглоом авчирч өгдөг. Бас насанд нь тохирсон электрон ном болон хүүхэлдэйн кино авчирж өгдөг. Тэр нь миний охины хэл ярианы хөгжил, сэтгэхүйд их сайнаар нөлөөлдөг гэж боддог.

За ингээд номын тухай яриад байвал дуусахгүй. Яг л бурханы тухай ярихаар дуусахгүй, ундраад л байдаг шиг. Хүн болсны хувьд амьдралдаа 3 том буяныг хийж явах учиртай юм гэнэ билээ. Мод тарих, зам засах, тэгээд ном бичих буюу номыг дээдлэх явдал гэж эмэг эх минь хэлж үлдээсэн юм. Номын буян арвижих болтугай.

                     

                    

Ангилал : Жавхлант эх орон минь | Нийтэлсэн : White pearl | Уншсан (300) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Моожоо :
    2010-01-25 11:38

    Үнэхээр уншихад сонирхолтой бичлэг болжээ. Би ч гэсэн номын тал дээр чамтай адил саналтай байна. Үнэхээр манай аль ч дэлгүүрт ороход, зөвхөн номын дэлгүүрт ч биш, юм худалдаж авахгүй л бол худалдагч нар нь муухай ааштай, эелдэг бус байдаг. Үйлчилгээний соёл огт байхгүй. Номын дэлүүрүүд чиний хэлсэнээр байдаг бол үнэхээр тоглоомын газар биш тэнд л цагаа өнгөрүүлэх байсан байх. Шинээр ашиглалтад ороод удаагүй байгаа Улаанбаатар их дэлгүүрийн 4 давхарт чиний хэлсэн шиг хүүхдийн номын дэлгүүрийг тохижуулсан байсан. Нээсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ чиний ярьсаны мини хувилбар нь байх. Гэхдээ л дажгүй харагджийсан шүү. Чамд амжилт хүсье.

  2. хишгээ :
    2009-11-18 20:48

    Ер нь ном унших сайхан.Гэхдээ манай төв номын сан сайхан болж байгаа гэсэн үү.Одоо үед хүүхэд багачууд ном унших нь ховор болсон ба компьютер шагайх нь их болсон үед номны талаар сайхан санаа агуулсан нийтлэл бичсэн байна.Бас зохиомжийн хувьд өөрт тохилдсон зүйлээ бичсэн болохоос биш нийтлэг зүйлийг оруулаагүй байгааг хойшид анхаарах хэрэгтэй байхаа.Баярлалаа

  3. zorigtkhuu :
    2009-11-17 14:35

    your past is your heritage, your present is your responsibility, your future is your challenge. stop dream, start work. good luck!

  4. x :
    2009-11-11 01:48

    сайхан хэлж манай боловсролын систэм дампуурсан урд нь ч сайн байгаагүй тийм болохоор манайхан үзэл бодлоо ил илэрхийлхээс айдаг.хулчгар матаач. өөрийнхөө санааг бусдад ойлгуулж чаддаггүй байдаг.ер нь олон жил багш хийсэн хүмүүс сэтгэцийн өвчтэй байдаг талаал нэг бичээч хөө

  5. Anu :
    2009-11-10 18:55

    6d bga Zorigtoi sanal neg bnaa.. comment uldeehku bj chdsnguiee.. goy niitlel boljee.. tanid amjilt husye..

  6. maagaa :
    2009-11-10 15:12

    Сайн байна уу? сайхан бичлэг байна. Гэхдээ надад хэт туулширсан бичлэг шиг санагдлаа. Би чиний үеийн монгол бичиг заалгаж байсан үеийн сурагч. бас үсэрч байсан. Гэхдээ бидэнд анх монгол бичиг заасан ч гэсэн бас крилл бичиг заасан. тэр хүрээнд байх бүх юмыг заасан гэж бодож байна. Сурах эсэх нь хувь хүний хичээл зүтгэл байхалдаа. Тэр үед шинэ ном гэж байхгүй болсон үнэн, гэхдээ хуучины ном бол зөндөө байсан шүү. би дунд сургуульд байхдаа "робинзон крузо", "усан доогуур хорин мянган бээр", "ахмад грантын хүүхдүүд" ... гэх мэт олон зохиол уншиж байлаа. энэ нь бусад улс оронтой эсвэл соц нийгэмийн үетэй харьцуулахад үнэхээр бага л даа. гэхдээ л бас байсан юмыг байсанаар нь санах л хэрэгтэй. 1-р хороололын гэж цамба дээр байсан номын санг хэлж бйана уу. Нацагдоржийн номын сан одоо ч гэсэн номоор үйлчилж байгаа гэдэгийг дуулгахад таатай байна. "Их монгол" гээд пиво уудаг газарын хойно байдаг юм. хонож сууж болдог байхаа. би тэгэж сонсож байсан гэхдээ хонож үзээгүй л дээ. Түүхийн хувьд бол тийм алдаа байдаг юм билээ. Тэгэхээр бид нар улс тунхагласаны баяраа ардын хувьсгалын жилийн ой гэж буруу нэрлээд байгаа ч гэсэн сайхан тэмдэглэдэг биз дээ. Хихи. Тэр номын дэлгүүрийн хувьд бол сайхан л санаа бйана. хүүхэдийн номын дэлгүүр нээж одооны энэ бяцхан хүүхэдүүдийг их ном уншуулж сургах юмсан.

  7. Che :
    2009-11-09 20:24

    I have a dream. nadad muruudul bii i'm dreaming. bi muruuduj bn

  8. TJL :
    2009-11-07 16:41

    goy bichleg bno, nadtai negen sain naiz maani aygui goy dotno yaria urnuuleed bga ymshig sanagdlaa, hehe, iim goy sain uils ruu urialan duudsan bichleguud dahiad gargaad bgarai..

  9. tlg :
    2009-11-05 18:45

    saihan bichleg bolson bn . minii uieiin hun bn . sanasan buhen chini setgelchlen buteh boltugai. tuhain uied mongol hel bichgiin bagsh nar maani ch gesen zalhtsan uliral bolgon durem ni uurchlugduud uurlaj baisaniig sanj bn.

  10. urnaa :
    2009-11-05 18:17

    shiljiltiin uyiin bolovsrolin sistemiin balgaar baahan helmegdsen hun gehed tun sain setgej bichsen baina,bayar hurgey.

Сэтгэгдэлийн тоо : 12 Сэтгэгдэлийн хуудас 1 2 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.