Миний дуртай кинонууд....Meyrl Streep, Jeremy Irons-ийн бүтээлүүд...бүгд гайхамшиг...
Заримдаа дуртай кинонуудаа үзэх гэхээр англи нэрийг нь мэдэхгүй болохоор Гүүгл дээр янз бүрийн түлхүүр үгээр нь хайх хэрэг гарна аа. Заримдаа нэрийг нь олно. Заримдаа олохгүй. Сүүлийн хоёр сард үзсэн кинонуудаа жагсаалаа. Ихэнхийг нь хятадын www.youku.com дээр үзсэн. Хятадад Youtube энэ тэр чинь хориотой болохоор Youku дээр үздэг байхгүй юу. Энэ нь дундаа гацахгүй, бичлэг нь муу биш, доороо англи юмуу хятадаар титр нь гүйчихнэ гээд олон давуу талтай. Ялангуяа англи хэл дээрх кино үзээд суухад дуудлага энэ тэр нь чихэнд хоногшоод бас аятайхан.
Чиний мэдрэмжүүд магадгүй минийхтэй төстэй бол доор байгаа кинонууд чамд бас таалагдах байх. Чи ихэнхийг нь үзсэн ч байж болох юм. Хэрэв үзээгүй бол цаг гаргаад үзнэ гэдэгт чинь эргэлзэхгүй байна. Би доор нэг бичлэг дээрээ хэлж байсан санагдана. Цөөн дүртэй, үг багатай, утга санаа нь гүн, сэтгэлийн мухарт хэдэн мянган жилээр тоосонд дарагдан амьгүй мэт хэвтэх тэр л торгон нарийн мэдрэмжүүдийг минь нэг нэгээр нь ч болов сэрээж, хөгжөөж чадах тийм л кинонд дуртай тухайгаа. Ихэнхдээ классик кино үзэхэд мэдрэлийн эрхтнүүд, сэрэл мэдрэмж минь арай өндөр ачаалдаг юм шиг санагддаг. Энэ нь эерэг нөлөө ихтэй. Чулуужсан мэдрэмжүүд минь амь орж, амьсгалж эхэлэхэд, жинхэнэ үнэнтэйгээ учирч, жинхэнэ өөрийгөө олоход минь эерэг нөлөөтэй байдаг шиг.
Ерөөс хүн нийгэмших тусмаа, өөрийнхөө хувь чанарыг алдаж байдаг бөгөөд нарийн "Мэдрэмж"-үүд нь суларч байдаг юм шиг. "Мэдрэмж" л бидний амьдралд хандах хандлага, бидний сэтгэл хийгээд бодолын далайд асар их нөлөөлдөг юм байна гэдгийг Моцартын амьдрал уран бүтээлийг өгүүлдэг "Amadues" киноноос мэдэж аваад учиргүй баярлаж байсан санагдана. Тэр үед би 6 дугаар ангийн жаалхан охин байлаа. Хүүхдийн сүнс, бодол сэтгэл нь ариун байдаг гэдэг үнэн бололтой. Магадгүй 30 дөхөж яваа энэ насандаа тэр киног анх үзсэн бол энэ жижигхэн ухаарлаа чихний хажуугаараа зүгээр л урсгаад өнгөрөөх байсан байх. Учир нь тархинд минь хэдийнэ save-лэгдсэн нийгмийн элдэв үзэл ухамсар, мэдээ мэдээлэл, мэдлэг туршлага, амьдралын тогтсон хэв маяг минь түүнийг юман чинээ бодохгүй л дээ.
-"Ямар хөгжим аялгууг хамгийн сайхан гэх вэ?"
-"Хүний сэтгэлийг уярааж чадах тэр яруу аялгуу л хамгийн сайхан гэнэ"
-"Эрхэм ээ, таныхаар тэгвэл дайчдын сүр жавхланг бадраах тэрхүү цоглог хэмнэлтэй маршийн аялгуунууд сайхан биш гэж үү? Хөгжмийн сайхан муухай ерөөс хүний тухайн үеийн мэдрэмжээс л шалтгаалах бус уу?"
Тэр кинонд хөгжмийн зохиолчдын дундах нэг иймэрхүү яриа өрнөдөг. Энэ ярианаас л ганцхан хөгжим гэлтгүй, алив ертөнцийн бүх зүйлс зөвхөн "Мэдрэмж"-ээс шалтгаалдаг юм байна гэж ойлгосон.
Чухамдаа амьдрал там уу диваажин уу, хавар уу намар уу, Н.Энхбаяр уу Ц.Элбэгдорж уу, цуйван уу будаатай хуурга уу, хайрлах уу хардах уу, Болд уу ВХ уу гээд бүгд л бидний "Мэдрэмж"-ээс хамаарч байгаа мэт. Тухайн тохиололд чи л яаж мэдэрч байна бүх зүйл яг тийм мэт байх болно.
Нэг ухаант эгч маань надад хэлж байсан. Аливааг хийхдээ болж өгвөл мэдрэмжээ дагаж бай, учир нь мэдрэмж хүнд худал хэлдэггүй юм гэж. Мэдээж хэрэг бид шинжлэх ухаан технологийн эринд амьдарч байгаа юм чинь, хэзээ нэг өдөр террористуудын тавьсан галт бөмбөгийг тэжээлээс салгах хэрэг гарлаа гэж бодоход улаан утсыг таслах уу эсвэл ногооныг уу, ийм үед мэдлэгээ биш, мэдрэмжээ дагавал эрсдэл 99 хувь нэмэгдэх нь тодорхой. Тиймээс хэт туйлшралгүй, болуул дотоод сэтгэлийн асуудал дээрээ мэдрэмжээ дагавал онох нь их алдах нь бага байх.
За, олон үггүй, мэдрэмж их ачаалдаг тэр кинонуудаасаа хуваалцъя.
"Amadues"

Вольфганг Амадей Моцарт (Wolfgang Amadeus Mozart, 1756.01.27 – 1791.12.05) нь Австрийн суут хөгжмийн зохиолч. "Amadues" кинонд түүний амьдрал уран бүтээлийг харуулдаг. Жирийн нүдээр харвал галзуу солиот, урлагийн нүдээр харвал суу билэг нь багтаж ядсан цул авъяас. Тэр бол бурханы дуу хоолой байсан. Бурхан тэднийг дэлхийд илгээхдээ тэнгэрт од харваад өнгөрөх дайны асар богинохон хугацаа өгдөг. Дэндүү гоц мэдрэмжтэй, сор болсон энэ хүмүүс зөвхөн урлаг дотор л амьдардаг. Тиймээс тэдний гадаад материаллаг ахуй, хувийн амьдрал тийм таатай байдаггүй. Моцарт ч бас тэдний нэг. Амархан бөхөхөө мэдсэн юм шиг дэндүү хурц гэрэлтсэн зул байсан.
"City of Angels"

"City of Angels" гоё кино тээ? Бидний эргэн тойрон хар, цагаан сахиусан тэнгэрүүд үнэхээр байж байдаг байх. Нүдээр хараагүй ч үүнд итгэх олон шалтгаан надад бий. Эмээ маань бурхан болохоосоо өмнөхөн цагаан торгон дээлтэй нэг сайхан хүн түүнтэй ирж уулзсан хийгээд удахгүй түүнтэй хамт нөгөө орон руу явах гэж байгаа тухайгаа хоёр ч удаа ярьсан байдаг. Бас миний мэдэх нэг эгчийн нүдэнд нэг өдөр гэнэт хөх торгон дээлтэй сайхан морьтой хүн үзэгдэж, өвөг дээдсийнх нь онгон сахиус газар дэлхийнээ бууж ирэх хүсэлтэй байгаа тухайгаа хэлсэн гэдэг. Ингээд бодохоор улс болгоны сахиулсан тэнгэр өмссөн зүүсэн, үг яриагаараа өөр өөр байдаг бололтой. Монголын анжелүүд торгон дээлтэй, морьтой байх нь....
"The House of the Spirits"

Энэ кинонд би бас дуртай. Бидний 3 хэмжээст ертөнцтэй зэрэгцэж орших бусад хэмжээст ертөнцүүдтэй харилцаж чаддаг нэгэн эгэлгүй эмэгтэйн тухай, түүний хайр дурлал, гэр бүлийн амьдралын тухай гардаг. Гол дүрүүдэд Meyrl Streep, Jeremy Irons нар тоглодог. Өөрөө үзээд гайхамшгийг нь мэднэ ээ. Би өөр юу хэлэхэв.
"Immortal Beloved"

Алдарт хөгжмийн зохиолч Бетховен -ий тухай бас л гоё кино. Түүний эцэг урлагийн хүн байсан бөгөөд хүүгээ нялх байхаас нь хөгжим тоглож сургасан, түүний төлөө ч мөнгө хайрлалагүй зүтгэсэн. Бетховен олон гайхамшигтай бүтээл туурвисан. Эдгээр бүтээлийг тууриваж байхдаа тэр таг дүлийрсэн байсныг хожим нь хүмүүс мэддэг. Кинонд түүний уран бүтээлээс гадна хайр сэтгэл, хувийн амьдрал хувь хүний тухай нилээд өгүүлдэг.
"Julie & Julia"

Энэ жил гарсан шинэ кино.Бодот амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм байна лээ. Ёстой хөөрхөн кино ооо....Үзээрэй....
"Legends of the fall"

Царайлаг ухаалаг энэ эмэгтэй нэг айлын 3 хүүтэй хувь заяаны эрхээр амьдрал холбодог ч, дунд хүү Тристонд нь үнэн сэтгэлийн хайраа өгнө. Гэвч амьдрал санаснаар нь болохгүй. Сүүлд нь хөөрхий бүсгүй амиа хорлочихдог. Жинхэнэ сайхан хайр тохиовол алдаж болохгүй гэдэг л энэ байх даа. Хожим нь гутарч харамсахгүйн тулд одоо байгаа үнэн сэтгэлээ хайртай хүндээ мэдрүүлж, илэрхийлэх л хэрэгтэй байх даа.
"Lolita"

Энэ бол жинхэнэ сонгодог ш дээ. Хөөрхөн Лолита...Уран зохиолын багш, нас тогтож яваа залуу арван хэдхэн настай гэнэн томоогүй охинд дурлаж, сэтгэл алдарч, түүнтэй ойр байхын тулд элдэв арга сүвэгчилж, түүнийг харахаараа биеэ барьж чадахгүй насандаа баймгүй хөнгөн үйлдэл хийнэ ээ. Нийгмийн талаасаа бол энэ чинь шууд хүчирхийлэл ш дээ. Гэвч асуудлыг түүний хувиас анзаарч үзэхийн бол хөвгүүн байхдаа хэрэгжүүлж чадаагүй тэр л хайр, хүсэл тачаалдаа боомилогдсон дунд насны залуу. Энэ утгаара түүний буруу биш л дээ. Хүслээ хэт их дарж хориглох нь хэзээ нэгэн өдөр дэлбэрээд л гараад ирнэ. Булавч бултайна, даравч далдайна гэдэг энэ. Хүн бүр өөрөөрөө байгаасай.
"North and South"

Хайр дурлал, амьдрал, түүх харуулсан сайхан кино. "Шуурган дундах бамбар" гэж манай үндэсний телевизээр гардаг ш дээ. Мэргэн ах, Пүрэвээ ах хоёрын нэг л орчуулсан байх. Мундаг хүмүүс шүү. Тэдний буянаар ийм сайхан бүтээлүүдийн шимтэйг нь хүртэж явна гэдэг хувь заяа шүү. Ах нартаа баярлалаа. Энэ киноны гол баатар энэ оны 9 сард бурханы оронд заларсан. Үзэгчдийн өмнөөс бодохын бол харамсмаар. Өөрийнх нь талаас бодвол баярламаар. Түрүү булчирхайн хавдар гэгчээр олон жил шаналсан гэж ТВ -ээр ярьж байсан. Ийм сайхан хүн тийм удаан шаналсан байдаг. . . Хорвоо гэж буруу эрхлээд эхэлбэл хэнийг ч ялгахгүй зөрүүлээд шоглоно оо гэж. . .
"One true thing"

Энэ кинонд нэгэн гэр бүл гарна. Гаднаасаа жаргалтай, асуудалгүй харагддаг байдаг л жирийн нэг гэр бүл. Гэрийн эзэн уран зохиолын багш, олон шагналтай нэртэй хүн. Охин нь нэртэй сэтгүүлийн газар ажилладаг. Хүү нь уран зохиолын шалгалт дээр унаснаа эцгээсээ нууна, сургуулиа яваандаа орхино. Тэр ажил хийж жирийн амьдрахыг хүснэ. Ээж нь гэртээ сууна. Сайн эзэгтэй. Гэнэт л эдгэшгүй хүнд өвдсөн байна. Аавынхаа албадлагаар охин ажлаа орхиод ирнэ. Энэ амьдралын хамгийн хүнд ачааг ээж нь үүрч явсныг ойлгоно. Ээжийгээ өвдсөнд аавыгаа буруутгана. Гэвч ээж нь аавд нь хайртай учир, гэр бүлдээ хайртай учир амьдралын сайн муу бүхнийг байгаагаар нь хүлээж авдаг байсныг мэднэ. Сэтгэлээрээ цаглашгүй баялаг ийм нэгэн ээжийн тухай, түүнийг 30 жилийн дараа ойлгох охины тухай, энэ гэр бүлийн тухай өгүүлдэг. Ээжийгээ хайрлаарай. Тэд бол амид бурхад.
"Original Sin"

За энэ ч супер кино доо. Жоли, Бандарес хоёр дэндүү секслэг тоглодог ш дээ. Киноны сексийн хэсгийг илэрхийлдэг Америк, Европ стандарт гэж байх шиг байна аа. Яаж тийм мундаг үзүүлдэг вэ? Зүгээр урлаг аа урлаг. Сурмаар......Манайхны , за тэгээд Хятад, Япон, Солонгос, Зүүн өмнөд Ази, ер нь манай Азийнхны кинон дээрх секс гэж юу ч юм бэ дээ. Гэцүү гэцүү. Үзээд таашаал төрөмгүй. Эсэргээр бүр эвгүй муухай сэтгэгдэл төрмөөр.....
"Piano"

"Төгөлдөр хуур" гоё кино. Хайр дурлал, хүсэл тачаал, итгэл найдвар төрүүлэх кино. Кино жаахан урт. Тэр нь л тиймхэн... Гэхдээ үйл явдал таныг ядраахгүй гэж найдаж байна. Хайрлана гэдэг, хайрыг хийнэ гэдэг зөвхөн тэр доодох эрхтний асуудал биш гэдгийг киноноос илүү мэдрэх байх аа. Монгол залуучууд сурмаар...ккккк
"Shakespeare in love"

Дурласан Шекспир гоё гоё....... Гол дүрийн залуугийн нүд үү?.......Охидын дуртай стил. Далай шиг гүн хөх нүд. Заримдаа тунгалаг ногоон ч гэмээр харагдана. Ямартай ч ийм нүдийг харахаар өөрийн эрхгүй шумбаад орчих шиг санагддаг ш дээ. Ийм нүдэнд татагдахгүй байхын аргагүй ээ.
"Sophie's choice"

Софигийн сонголтыг үзээрэй. Энэ кино Мерл Стрепт анхны Оскарыг авчирсан. Заримдаа би өөрийгөө энэ жүжигчин эмэгтэйтэй төстэй гэж мэдэрдэг ш дээ. Барагтай л бол уйдамгүй, баялаг байдал...Цөлд байх баян бүрд шиг. Бүхий л талаараа. Тооцолшгүй, шавхагдашгүй, баригдашгүй...
"The blue Lagoon"

Энэ кино 90 хэдэн оны үеийн болов уу? Бага байхдаа үзээд л учиргүй дуртай болсон. Усан онгоц живээд, нэг хөгшин далайчинтай цуг хоёр хүүхэд завинд сууж амь гардаг. Золоор бяцхан арал олдог. Ингээд л амьдарч эхэлнэ дээ. Өвгөн хоёр хүүхдэд их зүйлийг зааж өгөх боловч удалгүй хадан гэртээ харина. Хоёр балчирхан амьтан яаж аргаа олж амьдарч байгааг, өсч томрохын хирээр тэдний бие сэтгэлд шинэ шинэ өөрчлөлтүүд гарч, улмаар тэдний ах дүүгийн хайр аажмаар амраг хосын хайр болон хувирч, аав ээж болно оо. Хүний амьдралын бүхий л зүйлийг тэд хэнээр ч заалгалгүй өөрсдийн зөн совингоороо хийж чаддаг. Энэ бол бас гайхамшиг аа...
"The Bridges of Madison Country"

Дэлхий дээр бидний санаснаас олон хүн бусдын жишиг, нийгмийн урсгалыг үг дуугүй даган саарал амьдардаг.Үүнийг нэгэн хайрт эгч минь, ямар ч гайхамшиггүй амьдрал гэж ярьж байсныг саналаа. Ямар ч эрсдэлгүй, ямар ч гайхамшиггүй, ямар ч сэтгэлийн хөдлөл, нүүрний үрчлээгүй саарал амьдрал. Хоолноос хоолны хоорондох амьдрал. Ямар ч хайргүй амьдрал....Яг ийм нэгэн эмэгтэйн амьдралд үндэсний газарзүйн сэтгүүлийн зурагчин, аялагч залуу санаандгүй орж ирнэ. Тэд 4 хоног хамт байсан. Гэхдээ тэр 4 хоног аль алинынх нь саарал амьгүй амьдралд гайхамшиг бэлэглэж амь оруулсан. Тэд дахиж хэзээ ч уулзаагүй ээ. Гэхдээ үхэн үхтлээ нэгийгээ сэтгэлдээ тээж, тэр сэтгэлдээ дулаацаж, нэгийгээ алсаас ч гэсэн жаргаасаар байсан. Тэдний хорвоод мэндэлсэн нь магадгүй тэр 4 хоногийн төлөө л байсан байх... ...
"Kamasutra: A tale of love"

Дорнын хайрын судар. Сексийг сайн ойлгодоггүй хийгээд түүнээс таашаал авдаггүй охид бүсгүйчүүд энэ киног илүүтэй их үзэх хэрэгтэй байх аа. Хайрын судар Камасутрад зөвхөн сексийн тухай биш ер нь хайрлах тухай, хайрыг хийх тухай байдаг бололтой. Уншиж үзээгүй ч гэсэн энэ кинон дээрээс их олон зүйлийг мэдэрч, ойлгож авсан. Хүн бүр гайхамшигтай хайрыг бүтээж (make a love) чадна. Учир нь энэ бол заяагдмал чадвар. Бүх хүнд байдаг төрөлх чадвар. Ийм чанараа ойлгож, сэрээх л хэрэгтэй. Ийм чанараа ойлгож сэрээхэд сайн багш буюу сайн хамтрагчтай байх нь чухал. Үүнийг бие эрхтний чадварын тухай яриатай хутгах хэрэггүй шүү.
"The French Lieutenant's woman"

Бас л сайхан кино. Өөрөө үзээд мэдрээрэй.
"The red Violin"

Улаан хийл бол эвгүй тасархай кино. Үзэж л байсан байх. Улаан хийлийн амьдрал, хувь заяа яг хүнийх шиг. Эхлээд гэнэн томоогүй нялх үе, дараа нь галзуу улаан дурлал секс, дараа нь хувь заяаны ээдрээт эргүүлэг, ...... эцэст нь манай эринд ирэнгүүтээ дуудлага худалдаагаар зарагддаг ш дээ. кэкэкэкэкэ.....Түүний амьдрал цааш үргэлжилсэн л байх. Гэхдээ бөхөж байгаа зул шиг чимээгүйхэн....
"Zorro"

Бандарес латин бүжиг лайтай хийнэ ээ тээ? Латин америк, мексик залуучууд ер нь халуун цустай, дэндүү янаг тачаадам л даа. Маддона -ийн найз залуу гэж бас нэг тасарсан залуу байна. Бурхан минь, тэр зүс царай, бие хааны гоёыг ээ. Дэлхийн хүмүүс эр эмгүй л хүүхнүүдийн гоолиг гоёыг гайхаж шагшдаг биз дээ. Эрэгтэй хүний гоё сайхныг ховорхон магтдаг. Атал бас эрхгүй хараа сэтгэл татам сайхан эрчүүд байх юм аа....
"French Kiss"

Франц үнсэлт хиймээр байвал энэ киног үзээрэй. Мег рэйн энгийн мөртлөө сэтгэл татам эмэгтэй шүү....
"A beautiful mind"

Төгс оюун ухаан. Уг нь тэр өөр ертөнцтэй холбогдоод байгаагаа эрт ухаарсан бол олон хүнд адлагдахгүй, эхнэр хүүхдээ ч зовоохгүй байсан юм. Даанч дорнод биш баруунд төрсөн болохоор үүнийг энгийнээр хүлээж авах боломж байгаагүй л дээ.
Дээр оруулаагүй өшөө олон кино байна аа. Гэхдээ дараа оруулъя.....
За найзууд аа.
Үе үеийн гайхамшигт сор бүтээлүүдийн төлөө нэг тогтооё.
Урлаг мандтугай... Бидний амьдрал тэр чигээрээ урлаг шиг байг...

Сэтгэгдэл
Gerel :
HI mongoldoo ochtson goy bnu?blog do shine yum nemeerei.
Gerel :
HI mongoldoo ochtson goy bnu?blog do shine yum nemeerei.
zaluudai :
uneheer goyo gehed bagadhaar gaihamshigtai kinonuud. olonhi ni Meryl Stripiin togloson kinonuud baina. super emegtei. italy, french kinonii talaar bicheerei. delon, loren, belluchi nariin togloson kinonuudiin tuhai... ggod luck
Моожоо :
Таны блогийг өчигдөр анх орж уншиж эхэллээ. Үнэхээр таалагдлаа. Таны зохисон шүлэг буюу таныхаар зүрхний дуулалууд их таалагдсан шүү. харин дуртай киноны хэсэгт миний дуртай кино нэлээд байна. Би Мег Райн, Мерл Стрип, Патрик Свейз, Hugh Grant гээд энгийн хирнээ гайхамшигтай жүжигчдэд хайртай. Үнэхээр үзээд ханамгүй. Мөн Love is actually гээд хайрын олон мэдрэмжүүдийг гайхамшигтайгаар харуулсан кино байдаг. Hugh Grant-ын тоглосон бүх кинонд дуртай.
eegii :
Ihenhig ni uzsiin bna shuu, bugdend ni durtai
Duluu :
Chinii niitleluudiin chin zarimiig unshlaa chi ih goe bichij bna shuu amjilt
Oyun :
Hi bayarlalaa nzaa, end my ahin dahin vzdeg vzeed vzeed hanadaggui, setgeld min honogshson olon kino bn aa. Bas vzeegui ch kino hed hed bnaa zaaval vznee... taalagdana gedegt itgeltei bn a
Boloroo :
Togtohgui bsan setgel ayndaa zugeer bolchihson bna aa. My huvid gants hoyriig ni l uzsen yum bna. Medleg, medeelel, bas taivshral avaad gardag mini my medremjteinh uu? Esvel Green taragiin uhaantainh uu? he he. Amjilt husie, busgui mini!
tommongol :
Сайнхан бичлэг болжээ. Дуртай кинонуудаа өөрийнхөөрөө тайлбарласан чинь таалагдлаа. Улам ихийг бичээрэй.
Uchral :
Ta ih saiahn hun yum. Zarimiig ni uzsen yum bna. Goy kinonuud shuu. Tand amjilt husie. Baingiin unshigch.
Сэтгэгдэл бичих