\
Өнөөдөр www.youku.com дээр НТВ телевизийн "Үнэн үү?" Ток шоуг үзлээ. Дуучин Жавхлан оролцжээ. Нэвтрүүлгийн жанарт нийцүүлэх гэж тэгсэн үү эсвэл хөтлөгчийн хувийн тоглолтоос болсон уу энэ удаа Жавхланг барьц алдуулах гэж арай л гар хөл дээр нь халуун кофе асгасангүй. Хөтлөгчийн асуултууд нь ёстой хөх инээд хүргэсэн. Бас тэдгээр ядмагхан асуултанд нь тааруулж Жавхлан ч ядруухан хариулсан шиг санагдсан. Сэтгүүлзүйн үүднээсээ бол нэвтрүүлэг эсвэл нийтлэл нь ямар нэгэн сонин содон шийдэл, имиджтэй байж, бас түүнд нь олон сонсогч, үзэгч, уншигч татагдан, ямар нэг сайн муу эерэг сөрөг хариу үйлдэл үзүүлэх нь маш сайн үр дүн л дээ. Гэвч тоймгүй олон сайт дээрээс Жавхлангийн мууг үзэж, тэнэгийг гайхан бичсэн комментуудыг харсан учир би ч өөрийн бодлоо хуваалцъя гэж бодсон. Үнэндээ бол хөдөөний засрахгүй мулгуй, ном уншдаггүй тэнэг, боловсролгүй дипломгүй бүдүүлэг харанхуй гэж элдвээр гоочилж, янз бүрээр муулаад байгаа тэр хүмүүсээс Жавхланг өмөөрч өмгөөлөх гэсийн. Яг л түүний аав нь ээж нь, ар гэр нь юм шиг.... түүний төлөө өмөлзөх гэсийн.... Дашрамд хэлэхэд хүний олон хүнээ барьж иддэггүй юм....
.jpg)
Жавхлан сайхан эр хүн, сайн дуучин. Ухаантай, бодолтой, хэрсүү, сайхан ч ярьдаг хүн. Агуулгынхаа үүднээс энэ нэвтрүүлгээр өөрийгөө давгүй сайхан илэрхийлсэн гэж би бодож байна. Түүний хурдан удаан ярих нь гол биш ээ. Өөрийнхөөрөө чөлөөтэй тайван ярьж байсан. Тэр хүнийг дуурайж аягласангүй, бусдыг хуулж маягласангүй. Үнэндээ Жавхлангийн үг бүрээс хаанаас ирсэн хийгээд хаашаа яаж явахаа мэддэг, өөрийнхөө дотоодод бага ч гэсэн нэвтэрсэн эгэл монгол эр хүний энгүүн сайхан ухаан мэдрэгдэж байсан.
Диплом өвөртөлсөн хүн болгон өндөр боловсролтой, бусдын төлөө өөрийн биеийг дайчилж чадах "сайн" хүн байдаг юм биш ээ. Хэрэв чи олон сургууль дүүргэсэн олон дипломтой болгоныг "сайн" хүн байх ёстой гэдэгт гар өргөж байгаа бол өнөөдөр энэ эх орон чинь, энэ гэр орон чинь ямархуу байдалтай байгаад хараад нэг үзээрэй. Харин ч надад заримдаа тэр дипломтой мэргэд чинь л улс орон ард түмнийг хойш татаж байгаа мэт санагддаг юм шүү.
3 сая хүрэхгүй хүнээ хүний дайтай амьдруулж чадахгүй, улс орноо улсын дайтай аваад явж чадахгүй байгаа арчаагүй хоосон толгойтнууд 76 суудал дээр чинь ангайж идэж, алцайж хэвтэж байна. "Нарантуул"-ын Сайхансамбуу гэж сайхан нэртэй панзчин хүртэл эдийн засгийн магистр юмуу доктор гээд л Их Хуралд чинь нэрээ дэвшүүлж, жирийн олны хормой хотноос саасан бохир мөнгөөрөө дээшээ гараад суудал бузарлаж, бүх ард түмэн яг өөртэй нь адилхан баян тансагт умбан байгаа мэт жаргалтай инээмсэглэл тодруулан суугаа нь үнэн биз дээ. Юу хийсийн? Хүний урманд төрсөн хүүхдүүдээ ч олигтой хүн болгож чадаагүй энэ мэт эрхэм хүмүүс таны болон таны хүүхдийн төлөө, цаашлаад эх орны ирээдүйн хөгжлийн төлөө юу хийж чадах юм? Сайхансамбуу гуайн сайхан хүү нь монголд 1 литр бензиний үнэ 100 доллар болохыг хүлээгээд сууж байна гэхийг нь хавийн улс амьтан чихээр сонссон байна билээ. Тэр үед Улаанбаатар хотод гав ганцаараа машинтай сүнгэнэх юм байх аа. Тэнгэр бурхан минь. Яасан хар гай вэ? Ямар харалган бодол вэ? Энэ бол жинхэнэ солио, хийрхэл, "Диплом"-той тархины тураал. Өнөө алдарт монголч эрдэмтэн доктор гэгддэг Япон эмэгтэй Кимүра Аяакогийн хичнээн их идэж уусан ч бүр нэг идэж уусан шинжгүй Монголын урт ходоодтонгууд, алт мөнгө хичнээн ихээр нь хараад бүр хармайлсан ч нүд нь өөхөлдөггүй цэхэр хараатнуудын тухай бичсэн "Тархины тураал" нэртэй нийтлэлийнх нь онож хэлсэн ганц сайхан дүрслэл санаанд буучихлаа байна.
Тийм байтал яалаа гээд зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах гэсэн аавын хүү, сайхан монгол эр хүн эгэл ардын хүү санаж сарвайгаад хүрдэггүй тэр өндөр сэнтийд нь гарч үгээ хэлж болдоггүй юм?
.......цааш нь унших.........
Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”
Нэгдүгээр бүлэг
Арьс нь гуужсан могой
La Mue Du Serpent
Шанхайн Пүдун шинэ дүүрэг
Шэнь Жэнь – Хятадын “Манчестер”
Тогоруу юу? Луу юу?
Адуу шиг хурдлах эрсдэл...
Золагийн хятад хэл дээрх хувилбар
Мөхөл......Хөгжил......чшшшшш..!
Баавгай эсвэл үхэр...
Урт аянаа үргэлжлүүлэх нь
Нэгдүгээр бүлгийн дүнгэлт
1990 оны намар, Францын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Франсуа Периго (François Perigot) Шанхай хотын урилгаар Пүдун шинэ дүүргийн барилгын талбай дээр хүрэлцэн очиж, тэндхийн барилга инженерийн ажилтай танилцах болсон юм. Явах зам нилээд урт, бас хотын дундуур урсах Хуан Пү (黄浦江) мөрнийг гатлах нь хялбар биш тул, машинаар заавал тойрч явна. Шавар шавхай, энхэл донхолтой замаар явж байж Шанхайн ирээдүйн “Шинэ дүүрэг”-т хүрэх юм гэж уригч талынхан урьдчилан санууллаа.
Аялалын замд ерөнхийлөгчийг дагалдан явсан сурвалжлагч болон бизнесмэнүүд цагийн зөрүүнээс болж ядрахдаа машины дуунд хүч нэмэн хамар татацгаан унтана. Хоёр цагийн дараа бид асар том хоосон талбайд ирэх нь тэр. Энд тэндгүй шавар шалбааг, шороон зам, тэр ч бүү хэл үр тариа найгасан тариан талбай ч харагдлаа. Хэдэн трактор тэнд газар тэгшлэх аж. Мөрний цаад эрэгт сүндэрлэн байх 20, 30 –аад оны хуучин барилгууд тэдний хотын захиргаанаас ердөө хэдэн зуухан метрийн цаана байх нь холоос харагдлаа. Энэ нь биднийг “Дорнын Парис”-т зогсож байгаагаа дахин нэг санахад хүргэсэн юм. Хятадын талын нэгэн хүн бидэнд тайлбарлаж: “Энд бид Пүдун –ыг байгуулах юм. Шанхай өргөжин тэлж, энэ бүс нутаг хийгээд бүх Хятадын санхүү, эдийн засгийн төв болох юм. ” гэдэг юм байна. Нилээд нухацтай тайлбарлахын тулд энэ залуу ажилтан бидний хэдэн төлөөлөгчдөөс барилгын талбайд байх жижигхэн модон байшинд орохыг хүслээ.
Авсаархан энгийн энэ байшинд асар том хэмжээтэй 3 макет байх юм. Эхнийх нь “Шанхай 1995”. Хуан пү мөрний эрэгт, хуучин дүүргийн эсрэг талд жинхэнэ “Манхетон” гэмээр том том байшин барилга сүндэрлүүлэн хийж. Хоёр дах макет нь “Шанхай 2000”. Эхний “Манхетон” хүүхэд төрүүлчихэж гэлтэй. Дөрвөн шинэ “Манхетон”. Гуравдахь макет хэлбэр хийц, хэмжээ домжоогоороо бидний анхаарлыг эрхгүй татлаа. Өнөө залуу ч толгой эргэж, нүд эрээлжилмээр олон тоо баримт, төсөл хөтөлбөрийн тухай ярьж гарлаа. “Бидний хот дэлхийн хамгийн том боомт болно. Дэлхийн санхүүгийн төв болж ч магадгүй” гэж бидний хэн нэгний чихэнд сонстох шиг боллоо.
“Бардам ам, шалдан гуя” тэдний ярианд эргэлзсэн нэгэн франц бизнесмэн сэтгүүлчид сэм хэлж байх юм. Бизнесмэн Пүдуны тухай хамгийн анх сонсч буй нь энэ юм. Бас хамгийн сүүлчийнх нь гэж тэр бат итгэнэ ээ. Учир нь маш олон ядуу улс орон үүн шиг том том, сайхан төсөл баталчихаад хэрэгжүүлж эхлээ ч үгүй байхдаа шантраад орхиж байсныг тэр нүдээрээ олонтаа харсан билээ. Энэ бол түүний хувьд зүгээр л “Хаадын сэрүүн зүүд”, хэзээ ч хэрэгжих боломжгүй зүйл. Alstom, Aerospace, Citroen компаниудын төлөөлөгчид ч энэ талаар түүнтэй санал нэг байлаа.
2003 оны 12 дугаар сар, 13 жилийн дараа Францын Ган төмөрлөгийн компаний захирал асан бөгөөд Францын Сангийн яамны сайд Francis Mer хэдэн бизнесмений хамтаар Шанхайн Пүдуны олон улсын нисэх буудалд газарджээ. Герман нөхдүүд тэдэнд дэлхийн хамгийн хурдан галт тэрэг барьж өгчээ. Нүүр царайгаа бүрэн сольсон Шанхай хот хамгийн орчин үеийн нисэх буудлаа галт тэргэний замд холбосон байх ажээ. “7 минутанд 35 километр гэнэ ээ ! Цагт 300-400 киломерт хурдлана гэсэн үг. Энэ чинь Францын өндөр хурдны галт тэрэгнээс хэд дахин хурдан байх нь” гэцгээнэ. Замын баруун талд, өндөр байшин барилга сүндэрлэн, өргөгч Кранууд энд тэндгүй дүүжлээтэй. Замын зүүн талд бас л байшин барилгууд, кранууд. Энгийн авто зам, хурдны зам, 6 урсгалтай, бүр 8 урсгалтай замууд хотыг хирсэн байх юм. Асар том гүүр бас газар доогуурх туннель Хуанпү мөрний хоёр эргийг холбох аж.
.....цааш нь унших......
Орчимд найзууд маань Монголоос шинэхэн цасны мэнд хүргэх боллоо. Тэр тоолонд Шанхайд бороошиж таарахыг яана. Бороотой бүрхэг өдөр, яс тогшсон зэвүүн хүйтэн үеэр гэртээ хурдхан буцаж очоод, дотно хайрт хүмүүстэйгээ будаатай цай уунгаа урьд хождын болсон хөгтэй хөөртэй явдлуудаа хуучлаад, дулаахан хөнжилдөө хамраа шургуулан суухсан гэж мөрөөдөнө. Нэгэнт хүний газар гүний нутагт эрдэм сурахаар ирсэн болохоор эндэх жихүүн хүйтнийг урьхан хонгор салхи мэт сэтгэж, фронт руу цаашаа довтлоод л байхаас өөр аргагүй. Хэ хэ.
Заримдаа шантрах үе гарах юмаа. Тэр үед урт сайхан дуунуудаа сонсоно доо. Зөвхөн монгол нутагт унаж, монгол шороон дээр тоглож өссөн хүн л мах цусаараа, элэг зүрхээрээ мэдэрч чадах тэр л аялгуу дуунуудыг... Нэг удаа өрөөний Африк охин Мари маань уртын дуу сонсчихооп, "Сүда,,, Энэ тэгээд дуу юм уу? Яагаад үг хэлэхгүй байгаа юм бэ? " гэж асууж байсан шүү. Хэдийгээр урлаг, тэр дундаа дуу хөгжим хил хязгааргүй эрхэм дээд зүйл хийгээд сонсголтой хэн гуай ч ойлгож чадах ч гэлээ уртын дууны гайхамшгийг бол зөвхөн монгол хүн л мэдэрч ойлгож чадах юм байна даа гэсэн бодол толгойд зурсхийж байсан. Уртын дуу хэдэн мянганы туршид уудам тал нутагт маань зүрхнээс зүрхэнд дамжин шуранхайлагдан ирсэн учир бид түүнийг чихээрээ биш элэг зүрхээрээ сонсох нь аргагүй байх даа.

Хэд хоногийн өмнө "Монгол ардын уртын дуу" нэртэй нэг сайхан ном интернэтээр захиалж авсан юм. Өвөр монголын боловсролын хорооноос эрхлэн гаргасан энэ ном миний өмнө нь худалдан авсан "Монгол ардын дууны 100 бадаг" номыг бодвол хамаагүй олон дуу багтаасан хийгээд Ар, Өвөр монголын уртын дуунуудыг олон хувилбар, үүх түүхийн хамт худан монгол бичгээр хэвлүүлснээрээ нилээд онцлогтой шиг санагдсан.
Би уртын дуунд ухаангүй хайртай. Хархан бага байхын л түүнд бүх сэрэл мэдрэмжээрээ уягддаг байсансан.
Ингэхэд найз минь, чамаас асууя. Уртын дуу сонсохоор чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
Надад ч бас тийм мэдрэмж төрдөг.
Гэвч хамгийн хачирхалтай нь саяхныг болтол зарим уртын дууны үгийг төдийлөн анзаарч байгаагүй байх юм. Тэгэхээр зарим талаар Марийгийн зөв ч байж болох мэт санагдсан. Нээрээ уртын дуунд юу гэж дуулаад байдаг билээ дээ? Золоор ихэнх уртын дуу дууныхаа эхний мөрөөр нэрлэгддэг учир, "Уяхан замбуу тивийн наран" ч юмуу эсвэл "Хүрэн толгойн сүүдэр","Нарийн сайхан хээр" гэх мэтийг цээжээр хэлж чадах хүн олон гарах байх. Гэхдээ уртын дуучдыг тооцохгүйгээр аль нэг уртын дууны үгийг бүтэн мэддэг хүнийг монголоос ол гэвэл эгээ л далайгаас зүү хайх дайны юм болох байх даа. Мөрийцөхөд ч бэлэн байна. Учир нь би ч тэр бүлэгт хамаарагдана шүү дээ.

Энэ ном хэд хэдэн талаараа надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Нэгд би бага ахуйдаа сурч байсан монгол бичгээ сайхан сэргээж байна. Хоёрт нь уртын дууны үгсийг мэддэг болж байна. Гуравт гэвэл монголын хэл соёлын язгуур охь ундрага нь уртын дуунд хадгалагдан байгааг олж мэдлээ. Үнэхээр дээд монгол хэл гэж байдаг бол тэр нь уртын дуун доторх монгол хэл мөнөөсөө мөн байх. Магадгүй зөвхөн уртын дуугаар ч зогсохгүй байх л даа. Эртний шүлэг туульс бүгд л багтана. Гэвч найзууд аа, энэ удаа уртын дууг онцолъё оо.
Манай interculture гэдэг хичээл дээр нэг Герман багш ярьж байсан. Хүн төрөхтний хэл соёлыг High context, Low context-тэй гэж хувааж болох гэнэ. High context -тэй хэл соёл нь агуулга гүн, хэл яриа цөөн байх юм гэнэ. Эсрэгээрээ Low context нь яриа их, агуулга илэрхий бөгөөд гүехэн байхыг хэлдэг бололтой. Би л ингэж ойлгосон шүү. Бурхан минь, үүн дээр гажуутай зүйл байвал засаж залруулаарай та минь.
Магадгүй орчин үеийн монгол хэл соёл Low context бүхий рүү нь бараг орчихсон байх гэж би дотроо бодсон шүү. Үл ойлголцол үүсгэхгүйн тулд, тал засахын тулд, сайшаал хүртэхийн тулд гэх мэт олон зорилгоор өнөөдрийн нийгэмд бид маш олон зүйлийг тайлбарлан ярих хэрэгтэй болсон. Хамгийн инээдтэй нь олон хүн хайраа илчлэхдээ яг чалчигч шиг л, яагаад дурласнаа яриад л... Нээрээ бас сексийн үед ярьдаг зуршилтай хүмүүс ч байдаг...
Та нар анзаарч байсан бол монгол ардын дуу, тэр дундаа уртын дуунууд ихэнх нь хайрын дуу байдаг. Хэдийгээр "Хүрэн толгойн сүүдэр", "Алсын газрын зэргэлээ", "Эр бор харцага" гэж дуулаад байгаа боловч цаана нь үгээр хэлж үзгээр бичишгүй хайрын нандин сэтгэл, дурлалын гэгээн илч нуугдаастай... ... Гэтэл одооны дуунууд ямар билээ дээ? Би чамд хайртай, хайрлаад байхад чинь хайр даахгүй бол больчихъё л доо... хэхэхэ гэх мэт...
Энэ бол Монгол хэл соёл бусад ихэнх соёлуудын адил эмгэнэлтэйгээр High -аас Low context рүү уруудан буйг бэлхнээ харуулж байгаа наад захын жишээ юмуу даа.
За ингээд олон үггүй та нартайгаа эртийн өвгөдийн оюуны охь, уртын сайхан дуунуудаас хуваалцъя...
...... цааш нь унших......
МУ-ын ЗГ-ийн Х гишүүн:“Хятадууд Монголын газрын тосны хайгуулд 500 сая ам доллорын хөрөнгө оруулалт хийсэн ч ашиг тун бага хүртэж байна”

Хятадын Глобал таймс сонин
2009-10-27
Хятадын газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг хамгийн том компани болох Хятадын vндэсний газрын тос, байгалийн хийн компани (CNPC-China National Petroleum Corporation) Монголын газрын тосны хайгуулын салбарт 500 сая ам доллорын хөрөнгө оруулсан ч ашиг тун бага хүртэж байна хэмээн МУ-ын засгийн газрын нэгэн эрхэм гишүүний хэлснийг Ройтерс агентлаг 10 дугаар сарын 26 –нд мэдээндээ иш татсан байна.
Монгол улсын газрын тосны орд газрууд Монгол, Хятадын хилийн бүс нутагт голчлон төвлөрдөг. Тус улс 1997 онд анхны цооногоо амжилттай өрөмдөж, түүнээс хойш 30 гаруй мянган тонн түүхий тос олборлосон бөгөөд бүгдийг нь Хятад руу экспортлосон.
Монгол улс бол Азийн төв хэсэгт оршдог, газар нутаг өргөн, хүн ам цөөн, эдийн засгийн хөгжил муутай улс юм. Тус улсын газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолтын ажил маш доогуур түвшинд явагддаг. Өнгөрсөн зууны сүүлээс л цөөн тооны цооногуудад өрөмдлөг хийж эхэлсэн. Үүнээс өмнө арилжааны өндөр ашиг бүхий орд илрүүлж байгаагүй юм. Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди 2004 оны 7 дугаар сард Хятад улсад айлчлал хийхдээ Хятадын компаниудыг энэ салбарт Монголын талтай хамтран ажиллах санал тавьсан.
.......цааш нь унших.......
2009 он бол Монгол улс тусгаар тогтнолоо зарласны 98 жилийн ой.

1246 оны YII сард Монголын гуравдугаар их хаан Гүегээс Европ дахины Пап лам Ромын шашны хаанд өгсөн төрийн бичигт дарсан Их Монгол улсын далай хааны тамга.
Жил жилд л энэ хэдэн баярын өдрөө холиод хутгахчих юмаа . Ялангуяа улс тунхагласны баярын тухайд. Жил бүрийн 11 дүгээр сарын 26 -нд монголчууд бүх нийтээр амарч, Фм радио, телевиз зурагтаар энэ өдрийг улс тунхагласны баяр хэмээн сүр жавхлантай зарлаж, хүмүүс бие биедээ тусгаар тогтнолын . . ойн баярын мэнд хүргэж мессэж нисгэн, муу эр дайнд хөөрдгийн үлгэрээр зарим нэг нь дотроо баярлуулан хөөрцөглөнө. Ер нь хавтгай сайхан тэмдэглэдэг л дээ.
Том хотын алслагдсан жижиг мухарт суугаа бидний 5 монгол залуу ч хуушуур хайрч, нийслэл салат хутгаж, монгол маягаар сайхан тэмдэглэлээ. Дүү нарынхаа буянд энэ орой сайхан ярьж хөөрч суулаа. Аливаа нэгэн баярын бэлгэдлийн чанар нь их байх юм даа. Яг үнэндээ бидний хувьд энэ өдөр улс тунхагласны ойн баярын өдөр үү, үндсэн хууль баталсан өдөр үү эсвэл ардын хувьсгал ялсан өдөр үү гэдэг нь онцын чухал биш харин бүгдээрээ ширээ тойрон суугаад, монголынхоо тухай, нийгмийн тухай өөрсдийн бодол санаагаа хуваалцан, эх орныхоо ирээдүйг сайхнаар зөгнөн суух нь яахын аргагүй хамгийн аятай таатай зүйлээ.
Гэвч өмнө нь би нэг хичээл дээр илтгэл тавихдаа 1921 оны 7 сарын 11 -нд Монгол улс тусгаар тогтнолоо тунхагласан юм гэж ярьсан тул энэ орой биднийг тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна гэхэд миний найзууд Мари, Тофи нар нилээд гайхлаа. Тэдний гайхсан харцыг хариулж би ч бушуухан ам нээж "Энэ өдөр бол манай анхдугаар шинэ үндсэн хууль баталсан өдөр юм" гэлээ. "Яагаад монголчууд жилд хоёр удаа улс тунхагласны баяр гэж тэмдэглэдэг юм бэ? " гэж монголд очиж байсан олон гадаад найз маань асуудаг байсан. Үнэндээ энэ бол эх толгой нь мэдэгдэхгүй болсон завхрал. Монгол нийгэм даяараа туссан толгойн өвчин. " 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улс Манж Чингийн дарлалаас гарч, 8 дугаар Богд Жавзандамбыг хаан ширээнд суулган, Монгол улс тусгаар тогтнолоо анхлан зарлан тунхагласан. Гэвч тухайн үеийн түүхэн нөхцөл байдлын улмаас Сүхбаатар тэргүүтэй ардын журамт цэргүүд Ардын хувьсгал хийж ялаад, 1921 оны 7 сарын 11 -нд Да хүрээнд Монголын тусгаар тогтнолыг дахин зарлан тунхаглаж, тэр өдрөө Наадам хийж ялалтаа тэмдэглэсэн. 1924 оны 11 сарын 26 -нд Бүгд найрамдах Монгол ард улс байгуулагдаж, анхдугаар шинэ үндсэн хууль баталсан" гэж над шиг муу оюутан бүсгүй энэ асуудлыг хөндсөн тэдгээр гарын арван хуруунд ч хүрэхгүй гадаад найздаа учирлалаа гээд яах юм? Жинхэнэ олон улсын онигоо.
Энэ онигоо зөвхөн тусгаар тогтнолын баяраар дуусахгүй, цагаан сар буюу хаврын баярыг бас хамаарна. Жил жилийн цагаан сар гэж лайтай гайтай баяр нэг ширхэг байх боллоо. Шар зурхай юу Төгс буянт уу? Төрөө дагаж шинэлэх үү? Түмнээ дагаж шинэлэх үү? Ёстой нэг завхарсан заваан юм болох болов. Бид ч яахав энэ тогоон дотроо хөл хөлөө жийлцээд яаж ч аяглаж авирлаж болно. Та минь минь,,, Цаана чинь биднийг шоолж элэгээ хөштөл инээх, эрүүгээ чилтэл хөхрөх харийн хүмүүс улам л нэмэгдэн байна. Өнгөрсөн жил, бас уржнангийн цагаан сараар Хятадын нэгэн сонинд жил жилийн цагаан сар дөхөөд ирэхээр Монгол ЦУРХАЙЧИД хоёр хуваагдан, ард түмэн нь яах учраа олохгүй сандардаг тухай нийтлэлүүд гарч байсан шүү. Энэ жил ч гарах л байх. Энэ мэтчилэн дэлхий даяар биш юмаа гэхэд урд хойд хоёр хөрш маань ядаж л нэг хэсэг шоолох юмтай л болж байгаа нь тэр л дээ.
Хөршүүдээ унтуулахгүй архидаад л хэрэлдээд байдаг эр эм хоёр шиг...Ёстой болимоор юм. Ер нь тэр цагаан сар чинь бэлгэдлийн баяр болохоос биш сар хэзээ мандахтай тийм ч холбоотой биш шүү дээ. Ард түмнээ ч ядраагаад, гадаад улс орныг ч төөрөгдүүлээд. Ингээд яах нь мэдэгдэхгүй алцганаад байхаар, ядаж л Монгол Цагаан сарыг үзэх гэсэн гадаад нөхдүүд Өвөр монголд юмуу Хятадад буугаад үлдчихдэг юм байгаа биз дээ? Зурхайч биш ЦУРХАЙЧИД болих хэрэгтэй. Олон улсад Монголын нэр төрийг унагахаа болих хэрэгтэй. Тэгээд ч Чингисийн шар зурхай л гэнэ. Заавал хятадыг дуурайх гээд байгаа юм уу хаашаа юм? Тэр Хятад сонины нийтлэл дээр: "Зарим цурхайч нь манай Хятад зурхайг дагах гээд зарим нь хуучин Төвд зурхай барих гээд талцчихдаг" гэж тодорхой бичсэн байсан. Хятадаас юуг ч яаж ч авч болно. Гэхдээ зурхайгаа ядаж хэвээр нь орхи. Тэгэх үү? байгаа юмаа байгаагаар нь үлдээ.
Энэ төрийн эрх баригчид улс тунхагласны баярыг нэр мөр болгож, ард түмнийг бас гадаад улс орныг ч төөрөгдүүлэхээ зогсоомоор. Үүрэн телефоны компаниудаас хахууль авчихсан юмшиг дуугүй суухаа болимоор. Учир нь энэ өдөр чинь 1 хүн дор хаяж 5 хүнд баярын мэнд хүргэсэн СМС явуулж, утсандаа их нэгжтэй нь дуудлага хийж байгаа ш дээ.
........цааш нь унших........
Quand la Chine Change le monde....
“Хятад дэлхийг өөрчлөх үед....”

Зохиогч: Erik Izraelewicz
Эдийн засгийн ухааны доктор
2005 оны 2 дугаар сарын 2 нд Франц улсад хэвлэгдэв.
“Хятад алив бүхнийг бүдэгрүүлж сааралтуулдаг ч зурвасхан гэрэл байсаар байна. Түүнийг эрж ол.” Паскаль “Idea”
Урьдын л нэгэн адил зул сарын модны доор бэлэг овоорч, халуун ам бүлээрээ цугларч бас нэгэн оныг хамтдаа үдэх боллоо. Хүн бүр тэсэлгүй өөр өөрийн бэлгийг задлахаар яарцгаав. Бяцхан Лафейрт оногдсон бэлгийн хайрцагнаас өнгө алаглан гялалзах модон галт тэрэг гарч ирлээ. Түүний үел ах Грегой хайрцагнаас газрын теннисийн хамгийн хөнгөн цохиурын тухай нийтэлсэн залуусын сэтгүүл гаргалаа. Агнес эгч тэнд зөөврийн компьютер хэрэглэх заавар нухацтай уншин сууна. Аав харин шинэ DVD тоглуулагчаа ажиллуулахаар оролдоно. Ээж болохоор баяртай нь аргагүй кашмер нөмрөгөөр биеэ ороож нэг үзнэ...... Урьд жилүүдийн зул сарын баяртай адилхан биш байна гэж үү? Огтхон ч адил биш. Энэ зул сарын баяр манай гэр бүлийн хувьд бас бусад франц айлуудын хувьд онцгой их “Хятаджсан” баяр боллоо. Тоглоом, теннисийн цохиурнаас өгсүүлээд зөөврийн компьютер, нөмрөг гээд бүх л бэлгэн дээр “Хятадад үйлдвэрлэв” гэж бичээстэй байх юм. Зул сарын модон доор өрөөстэй бүх бэлэг сэлтүүд, модон дээр өлгөөстэй тоглоом чимэглэлүүд, жижигхэн санта өвөө гээд л бүгд Хятадынх, тэр ч бүү хэл энэ мод ч хүртэл Хятадынх.
Энэ зул сарын баярын өмнөх 2004 он бол Францын засгийн газар “Хятадын соёлын жил” зарласан жил юм. Гэсэн хэдий ч Францад “Дундад улс” гэсэн дардасын мөр аль эрт тод үлдсэн. Манай засгийн газар соёлын жилийн хүрээнд маш олон арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал: Эффелийн цамхагийг улаан өмсгөлөөр чимэх, Жан-Мишель Жарр (Jean-Michel André Jarre) Бээжингийн Хориотой хотод тоглолт явуулсан гэх мэт. Үүнтэй зэрэгцээд Хятад хэмээх нэгэн шинэ улс хүчирхэгжин, аж үйлдвэржсэн том гүрэн болж байгааг олон үйл явдал Франц хүмүүст ойлгуулсан юм. Хятадын сансрын хөлөг дэлхийн тойрогт замд орж, Хятад улс сансрын уудмын шинэ гишүүн боллоо. Афины олимпид алтан медалийн тоогоор тэргүүлж, дэлхий дахинд биеийн тамир спортын том улс гэдгээ харуулсан. Францын Матигнон их гудамжинд Хятад зураачдын үзэсгэлэн гарч, Хятад дэлхийн урлагийн бүтээлийн зах зээлд өөрийн нөлөөгөө улам бүр дээшлүүлж байгаагаа баталлаа. Хамгийн сүүлд, Францын THOMSON компаний өнгөт телевизийн салбарыг Хятадын Гуандун TCL компани худалдан авлаа. Эдгээр нь Хятадын эдийн засгийн өсөлт хөгжлийг хүмүүст үнэхээр мэдрүүлсэн юм.
Энэ 2004 онд хэд хэдэн чухал үйл явдал болсон нь :
Хятад гэсэн гарчиг Францын сонингуудын эхний нүүрэнд тавигдах нь нэгэнтээ тохиолдлын хэрэг биш болж, хүмүүсийн өдөр тутмын амьдралд хятадын нөлөө үлэмж ихссэн гэж хэлж болно. Францын худалдааны дээд сургууль (HEC)-ийн хашаанд, Бүгд найрамдах Хятад ард улсаас ирсэн хэдэн арван залуу боловсон хүчин капитализмын удирдлагын дэвшилтэт технологи сурч, Марсельд хүрээгээ тэлж байгаа “Хятад хотхон” (China town) зарим жижиг худалдачдыг түгшээж эхэллээ. Парисын Осман гудамжины том дэлгүүрүүдэд хятадын сэргэлэн залуус Азийн өөр нэгэн хүчирхэг улс Японы худалдаачидтай эн зэрэгцэн худалдан авагчдыг хуйлруулж, Lafayette дэлгүүрт бүр хятад хэлтэй худалдагч нар үйлчлэх болжээ. Францын бүх л эцэг эхчүүд үр хүүхдээ Кунзын бас Мао Зэдуны ярьдаг байсан тэр л хэл сургахыг хүсэх болж, мөн Бээжин, Шанхай, Гуандун хэдийнээ Францчуудын гол маршрут, аялалын халуун цэг болоод байна гэж аялал жуулчлалын агентлагууд шуугих боллоо.
Хятад үнэхээр мода болчихож. Гэхдээ зүгээр нэг мода биш шүү. Үнэндээ дээрх үзэгдлүүд 21 дүгээр зууны зөгнөл болж байна. Магадгүй 21 дүгээр зууныг бүхэлд нь хамрах эдийн засгийн чухал үйл явдлыг ч зөгнөн байж болох : Хятадын эдийн засгийн чадвар өдрөөс өдөрт наран мэт мандан дэвжиж, дэлхийн эдийн засгийн тавцан дээр гол нөлөө үзүүлэх болно.
1973 онд Голлист засгийн газрын сайд агсан Alain Peyrefitte “Хятад нойрноос сэрэх үед” (Quand la Chine s'éveillera…) номоо хэвлүүлж байсан. Өнөөдөр эгээ л нэг аварга луу нойроосоо хэдийнэ сэрээд тэндэх тэнгэрийг ороон үзэгдэх мэт. Mitterrand ерөнхий сайдын зөвлөх асан Alain Boublil 1997 онд “Хятадын зуун” (Le siècle des Chinois) нэртэй номоо хэвлүүлсэн. Одоо эдгээр зөгнөлүүд биелээд бүр нүдэнд илэрхий харагдах боллоо. Бодот амьдрал дээр, эдийн засгийн асар том үйл явдал хийгээд агуу түүхэн том цаг үеийн хувьд “Шинэ зуун” гэдэг цаг тооны бичиг дээр бичигдсэнээр тооцогддоггүй юм. Энэ үүднээс авч үзвэл 1979 он бол эргэлзээгүй 21 дүгээр зууны эхлэл байсан юм.
Яг тэр жил, хоорондоо огт төсгүй хоёр их хүн дэлхийг зэрэг донслогосон. Тэд бол Маргарет Тэтчер болон Дэн Сиаопин нар юм. 20 дугаар зууны сүүлчээр гарч ирсэн энэ хоёр их удирдагчдад ижил төстэй зүйл үнэногт байхгүй. Нэг нь дэлхийн хамгийн анхны ардчилсан улс – Нэгдсэн вант улсад төрсөн. Нөгөө нь дэлхийн хамгийн эртний төрт улс – Хятадад төрсөн. Тэтчерийн улсад 18 дугаар зууны эцэст аж үйлдвэрийн хувьсгал гарч, түүнээс хойш урд удаан хугацааны турш дэлхийн хамгийн баян улсад тооцогдож байсан. Харин Дэн Сиаопины улсад байдал огтхон ч тийм биш. Тэнд аж үйлдвэрийн жинхэнэ хувьсгал өрнөөгүй. Тэд бол эмгэнэлт “Соёлын хувьсгал”-аа дөнгөж туулан гарч ирсэн дэлхийн хамгийн ядуу улс орны нэг. Тэтчер бол төмөр хатагтай. Уламжлалт хуучны үзэл баримтлал бүхий ясны хатуу Англи эмэгтэй. Жижиг биетэй, намхан нуруутай Дэн Сиаопин бол Хятадын Коммунист намын дээд удирдагч. 1978-1979 оны хооронд тэд өөр өөрийн улсынхаа удирдах эрх мэдлийг гартаа авч, дэлхийн эдийн засгийг “Шинэ үе”-рүү оруулах их ажлаа эхэлцгээсэн юм.
Тэтчер, Дэн Сиаопин нар яг нэг уриа дэвшүүлсэн юм. Энэ бол Франсуа Гизогийн “Баялагийг бүтээцгээе” гэсэн уриа байсан. 1979 онд тэд өөр өөрийн ард түмэндээ энэ талаар маш тодорхой чиглэл өгч, баялагийн төлөө бүгд нэгдэх ёстой гэсэн мессэжийг тарааж эхэлсэн.
........Цааш нь унших.........
Хятад улс дэлхийн ураны баялагт шунахын учир
Солонгосын “Төвийн өдрийн сонин”
11 сарын 10 өдөр

Хятадын бүх анхаарал дэлхийн ураны баялагт чиглэж байна. Хятад уул уурхай, эрдэс түүхий эдийн нөөцөө баталгаатай болгохын тулд хамаг хүчээ шавхан ажиллаж байгаа ч ураны баялагт онцгой их ач холбогдол өгөх болсон нь илт. Энэ нь хоёр шалтгаантай, нэгд цөмийн эрчим хүчний ашиглалтаа дээшлүүлэх, хоёрт цэргийн зориулалт бүхий цөмийн зэвсэгээ сайжруулах.
Хятадын томоохон эрчим хүч үйлдвэрлэгч болох Хятадын Гуандун цөмийн эрчим хүчний корпораци(CGNPC)өнгөрсөн 9 дүгээр сард Австралийн Energy Metals компанийг худалдаж авахаар болсон. Мөн энэ корпораци Energy Metals-ын хувьцааны 40 хувийг эзэмшиж буй Jin da lee Resources –ыг бас худалдан авахаар төлөвлөж байгаа юм. Энэ бол Хятад улс дэлхийн гуравдах том уран үйлдвэрлэгч орон Австральд явуулж буй ураны тогтвортой стратег гээч нь юм.
Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци(CNNC) энэ оны эхэнд Монгол улсад уран олборлох лиценз бүхий Western Prospector корпорацид 28.7 сая доллорын хөрөнгө оруулалт хийж, уран олборлох эрхтэй болсон.
............цааш нь унших..............
Саяхан интернэтээр жич танилцсан нэгэн найзаас и-мэйл ирлээ. Нэгэн япон судлаач бүсгүйн бичсэн "Тархины тураал" нэртэй нийтлэлийг хавсаргасан байсан. Аяако гэж өхөөрдөм нэртэй энэ бүсгүй монголд 10 жил амьдрахдаа монголын соёлыг судалсан юм байна. Бас шаггүй хэлний авъяастай нэгэн болохыг түүний монгол бичлэгүүдээс төвөггүй харж болохоор юм. Монголчууд "Тархины тураал"-тай болохыг нийтлэлдээ онцолж ээ. Яахав муу нуухаар сайн илчил гэж, түүний бичсэн зүйлүүд муухай монгол хүний тухай, яг л миний дотор, бидний дотор байдаг тэр л араншинг яруу тод дэлгэсэн байна билээ л дээ.

Муугаа дуудуулах, муухайгаа илчлүүлэх ямар олиг байхав. Монгол овогтой хүн бүр л үүнийг уншаад эрхгүй цөс нь хөөрч, элэг нь оволзох биз. Гэвч үнэн үг хүчтэй байдаг тул, түүнийг давж биесийг өмөөрөх гэх нь бас жаахан явуургүй юм.
Үнэндээ алив улс үндэстэн бүрт "төрөлх араншин" гэж байдаг тухай саяхан нэг номноос уншиж суусан юм байна. Магадгүй та өмнө нь "хүйтэн хөндий Англи бүсгүй", "Эрх чөлөөт Америк эр", "Цаг хатуу баримтлах Герман хөгшин", "Хэзээд элгэмсүү Орос ах", "Язгууртаны ихэмсэг соёлт Франц чавка", "Халуухан Бразил залуу","Санаа муутайхан Хятад худалдаачин", "Цаанаа л гүн бодолтой Япон өвөө", "Дээрэнгүй Солонгос уба" гээд л сонсч эсвэл өөрөө учирч ч байсан байх. Зарим хүн дээрхтэй санал нийлэхгүй байгаа нь мэдээж. Учир нь энэ бол би л өөрийн ойлголт бас туршлагаараа үндэстнүүдийн ерөнхий араншинг бяцхан дүрсэлсэн байдал шүү дээ.
Гэвч үндэстний төрөлх чанар, зан араншин ямар байлаа ч гээд уулын мод урттай богинотой тул хэн нэгэн Монголд төрсөн гэдгээрээ заавал ч "Үхэр монгол" байх албагүй, эсвэл хэн нэгэн Японд төрснөөрөө "Гэмгүй цайлган буянтан" байх албагүй л дээ.
Тиймээс эрхэм судлаач Аякогийн бичсэнчлэн Монгол хүн бүр "Тархины тураал"-тай бас ч биш л дээ. Биднийг санаасай, сэхээрээсэй гэж хүсдэг учир энэ хүн ийм нийтлэлүүдийг бичдэг гэж би уншиж байсан юм байна. Сайн л хэрэг. Маш сайн хэрэг. Гэвч өөрийн биеийг магтаад бусдыг доош хийх бас сайн хүний явдал биш л дээ. Ээж надад тэгж сургасан. Миний ээж монгол хүн л дээ. Япон хүн биш. Ээж намайг дэлхийн энх тайван сайн сайхны төлөө бас хорвоогийн амьтай амьгүй хамаг бүхний төлөө амьсгалах тоолондоо буян бодож, ачийг санаж бай гэж сургасан.
Эрхэм судлаачид ийм нэгэн захиаг цагаан тагтаанд дайж илгээлээ.........
.....цааш нь унших........
Нэг мэдсэн чинь Шанхай хотод ирээд 65 хоног өнгөөрсөн байх юм.
Хэдийгээр хичээл сургууль гээд зав муутай байгаа ч гэр орон, найз нөхөд, монгол нутгаа санагалзах нь цөөнгүй. Заримдаа монгол дуугаа сонсоод явж байхдаа учиргүй буцчихмаар, болдог бол шувуу шиг далавч ургуулаад нисээд харьчих юмсан гэж мөрөөдөнө. Бас энд тэнд явахдаа "Монгол"-ын гэх зүйл хайгаад нүд минь гүйчихнэ шүү дээ. Гэхдээ сонин нь Шанхайгаас ногоон хурганы арьс, нохойн битүү туурайг ч олж болохоор дог шүү.
Энд ирснээсээ хойш "Монгол түүх", "Монгол соёл", "Монгол" зүйлстэй бас цөөнгүй таарсан. Түүнийгээ та нартай хуваалцъя.
"Монгол түүх"
Шанхайн музей ( Shanghai Museum )-д хадгалагдаж байгаа "Чингис хааны алтан зоос".
2006 онд Ду вэй шань, Тань Дуан Янь (杜维善, 谭端言) гэж хоёр эх оронч Торгоны зам дагуух эртний улс орнуудын 2000 гаран зоосны цуглуулгаа хотынхоо музейд хандивласан бөгөөд дотор нь энэ зоос байсан байна. Лондонгийн их сургууль, Иелийн их сургууль, Францын үндэсний төв номын сан гээд дэлхийн нэртэй их сургууль, байгууллагуудын судлаачид энэ зоосыг "Чингис хааны алтан зоос" гэж дуу нэгтэй баталсан. Зоосны гадна хүрээн дээр бичээстэй байх үгсийг тайлахад: "Алтан зоосыг 618 онд 伽兹那 (Que Zi Na)-д бүтээв". Харин зоосны дунд талд "Хаадын хаад, Хамгийн агуу, Хамгийн шударга Чингис хаан" гэж бичээстэй байдаг. Дэлхий дээр ийм зоос ердөө 10 хүрэхтэй үгүйтэй байдаг гэнэ лээ. Би монгол хүн учир надад энэ зоос бол өвөг дээдсээс ирсэн шүтээн эрдэнэ мэт л санагдсан. Дотроо битүүхэн адис авсан гээд л бодчих.
"Монгол" бяслаг
Нэг өдөр хүнсний дэгүүрт явж байлаа. Эндхийн жижиг сажиг жимс чихэр, хорхой шавжны мах бага биш юм болохоор нэг дэлгүүрт ороод бараг ...
....... цааш нь унших..........
Сайн байцгаана уу? Эрхэм олон Монголчууд аа.
Миний бие 2009 оны 11 сарын 5 нд болон 11 сарын 10 нд Хятадын Глобал Таймс сонин дээрх хоёр нийтлэлийг “Монголчууд Хятадад тийм ч таатай ханддаггүй”, “Монголчууд хөмхий зуусаар байна” гэсэн нэртэйгээр орчуулсан.
Эдгээр өдрүүдэд дотоодын хэд хэдэн сайт дээр энэ нийтлэлүүдийн талаар олон залуус, монголын төлөө цохилдог олон зүрх өөр өөрийн түмэн санаа, буман бодлоо дэвшүүлэн тавьж, халуухан хэлэлцэж байгааг харж суулаа.

Монголын талаар, хятадын талаар, орчуулгын талаар, нийтлэлийн талаар гээд голдуу санал шүүмж бичсэн байна. Мэдээж монгол эх орны хөгжлийн төлөө, хөрш орнуудын харилцааны тухай ярьж, сэтгэгдлээ үлдээсэн хүмүүс цөөнгүй. Түүнчлэн бас янз бүрийн хардалт, сэрдэлт, дургүйцэл, эсэргүйцлийн ч чанартай зүйлс их харагдаж байсан.
Хэн ч хэнийг шүүхгүй, хэн ч хэнийг магтаж, өмгөөлж хаацаалахгүй бас хэн ч хэнийг гүтгэн доромжлохгүй, хэнийг ч буруутгахгүй. Учир нь бид бол Ардчилсан эрх чөлөөт тусгаар улсад амьдран буй олон нийт, ард түмэн, масс.
Харин орчуулгын талаар болон яагаад ийм нийтлэлүүдийг орчуулах болсон тухай хэд хэдэн санал гарч ирсэн тул миний бие энэ бяцхан бичлэгийг хүргэж байна.
..........цааш унших...........